Улстөр нийгэм
RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажлыг бүрэн хангажээ
Зам тээврийн нэгдсэн системийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа.
Тухайлбал, RFID технологийн хүрээнд нийслэлийн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343 шон, 11 байршилд шон суурилуулжээ. Мөн нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох 455 RFID уншигч төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагджээ.
Мөн улсын хэмжээнд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр жолоочийн татвар, хураамж, торгууль төлөлт, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд алсаас хяналт тавих, алдагдсан тээврийн хэрэгслийг илрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашлаад тээврийн хэрэгслийн зорчилт бүртгэлд тулгуурлан татвар, зам ашигласны төлбөрийг харилцан адилгүй тогтоох боломж бүрдэх юм.
Түүнчлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэл үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж суурилуулах ажил бүрэн дууссан. Баруун түрүүн, Налайх, Түргэний гол, Эмээлт, Гүнт, Гачуурт, Морингийн даваа зэрэг нийслэлийн харьяа найман шалган бүртгэх товчоог дугаар таних, чиглэлийн, өрөөний доторх, орчны хяналтын эргэдэг зэрэг нийт 57 камер болон бусад тоног төхөөрөмжөөр тоногложээ. Товчоодыг RFID төхөөрөмжөөр тоноглосон нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орох, гарах хөдөлгөөнийг бүртгэж, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1000-10,000 төгрөгийн хооронд төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн https://smartcar.mn/ систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон.
Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэл нийт 44 цэгт 45 камер, Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар болон Төмөр замын сургуулийн урд уулзварын гурван цэгт дугаар илрүүлэх, хурд хэмжих, улаан гэрлийн зөрчил, эгнээ байрын зөрчил, давхар эргэлтийн зөрчил илрүүлэх 37 камер байрлуулжээ. Энэ нь үр дүнгээ өгч, зөрчил илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Зам тээврийн нэгдсэн системийн хүрээнд хийж байгаа энэ мэт олон ажил байгаа юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Зам, тээврийн нэгдсэн системд шаардлагатай бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай гаргах, системүүдийг нэгтгэж холбоход дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.
Улстөр нийгэм
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэ
Хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох Хоёрдугаар тойрог зам төслийн эдийн засгийн шинжилгээ, төсөв хийгдэж байна. Түүнчлэн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр оруулахаар ажиллаж байна.

Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.
Хоёрдугаар тойрог авто замын төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй иргэдийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн. Тус судалгаагаар төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулж, хурдыг нэмэгдүүлэх тооцоо гараад байна. Тухайлбал, хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар багасах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5000 машинаар буурна.
Хоёрдугаар тойрог зам нь хотын төвд чиглэсэн хөдөлгөөнийг гадагш шилжүүлснээр тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Улстөр нийгэм
Х.Ганхуяг: Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй
УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Төсвийн хэлэлцүүлгүүд үргэлжилж байгаа. Гишүүдийн зүгээс нийт 115 зарчмын зөрүүтэй санал гаргаснаас 76 нь дэмжигдэж, 39 санал дэмжигдээгүй байна. Үүнээс урсгал зардалтай холбоотой 32 санал, Нийгмийн даатгалын сантай холбоотой 4 санал, НҮБ-ийн хуралтай холбоотой 5 санал гаргасан.
Эдгээр саналыг тоймлоод үзвэл багш, эмч нарын цалинг нэмэх. Ингэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 2 хувиар нэмэх, тэтгэврийг 10 хувиар нэмэх зэрэг саналууд яригдсан. Монгол Улсын төсвийн зарлага 32.9 их наяд төгрөг байгаа. Үүнээс 8.8 их наяд нь хөрөнгө оруулалтын төсөв. Энэ дотор 1.1 их наяд төгрөг
Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан нийлээд 8.8 их наяд төгрөг. Энэ бол яагаад ч оролдож болохгүй мөнгө. Үүнээс гадна бид яаж ч ядарсан оролдож болохгүй мөнгө бол төрийн албан хаагчдын цалин болох 7.2 их наяд, хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг бий. Өнөөдөр хэвлэлээр зарим нэг буруу ойлголт явсан байсан. Бид хүүхдийн мөнгөнд гар хүрэхгүй. Үүнийг баттай хэлье. Ингээд цаана нь 7.2 их наяд төгрөг үлдэж байгаа. Энэ дотроос оролдож болохгүй мөнгө нь гадаадын зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийн зардал. Энэ нь 1.4 их наяд төгрөг юм.
Мөн энэ удаад оролдохгүй байхаар шийдсэн зардал бол гамшиг, осол, онцгой байдалтай холбоотой зардал болох 260 тэрбум төгрөг. Энэ бүхнийг тооцоод үзэхээр төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт явуулах шаардлага үүсэж байна. Энэ 5.5 их наяд төгрөгийн 10 хувийн зарлагыг шилжүүлнэ. Багш нарын цалинг 20+10 буюу он гараад 20 хувь, долдугаар сард 10 хувиар нэмэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Энэ зардлыг шийдэхийн тулд бидэнд 1.3 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Энэ хувилбарыг өнөөдөр бүлэгт танилцууллаа. Маргаашаас төсвийн ажлын хэсэг ажиллаж эхэлнэ. Багш, эмч нарыг салбар яамтайгаа яаралтай хэлэлцээрт орох шаардлага болон хүсэлт гаргаж байна. УИХ өөрөөсөө эхэлж танана. УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардлыг танаж байгаа." гэв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга мэдээллээ.
