Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

М.Өлзийбат: Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон

Огноо:

,

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбатаас тодрууллаа.

-Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа. Ерөнхий төлөв байдлыг харвал, 2005 оноос эхлэн нийслэл болон ойр орчмын бүсэд үүссэн газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн. Үүний дагуу бид судалгаа хийн Улаанбаатар хот орчмыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байгааг тогтоосон. Эдгээрээс өөр бас нэг хагарал байгааг Японы  эрдэмтэд гурван жилийн турш судалгаа хийсний дүнд илрүүлсэн. Идэвхтэй хагарал гэдэг нь хэдэн мянган жилийн өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөр гэсэн үг. Ийм хагарлуудыг илрүүлэн газар хөдлөлтийн процессуудыг судалдаг. Эдгээр судалгааг хийсний дүнд Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогдох болсон. Тиймээс аливаа гамшгаас сэргийлэхээс гадна шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, хотоо зөв төлөвлөн, барилга, бүтээн байгуулалт хийхгүй бол ямар их эрсдэл үүсдэгийг Турк, Сирид болсон явдлаас харлаа. Нийслэл орчимд үүсээд буй хүчтэй газар хөдлөлтийн голомтуудад үнэлгээ хийхэд Улаанбаатар хотоос баруун тийш 50 км-ийн зайд 80 км гаруй урттай хагарал байгаа нь тогтоогдсон. Уг хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Харин бид ийм хэмжээний гамшигт бэлэн биш байгааг Японы эрдэмтдийн хийсэн судалгаанаас харж болно.  Газар ийм хэмжээний хүчтэй хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгажилтын 20-30 хувь нь ямар нэг байдлаар эвдрэх, нурах эрсдэлтэй. Мөн гэр хорооллын бүс ихтэй, ил гал түлдэг, цахилгааны шугам сүлжээний зохион байгуулалт зэргээс шалтгаалаад гал түймрийн аюул үүсэж болзошгүйг судалгаанд дурдсан байдаг.   

-Японы эрдэмтдийн илрүүлсэн хагарал Улаанбаатар хотын тэг дундуур, төв хэсгээр байдаг тухай сонсож байсан. Ер нь ийм хэмжээний эрсдэл дунд байгаа бид юунд илүү анхаарах ёстой вэ?

-Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрсөн хагарал байгааг япон эрдэмтэд илрүүлсэн. Ганц энэ хагарал ч гэлтгүй бусад зургаан хагарал болоод газар хөдлөлтийн идэвхжилүүдээс үүдэн хэзээ нэгэн цагт газар хөдлөлт болох магадлалтай хэмээн тооцож, хот төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Дэлхийн эрдэмтэд ч хэзээ, хэдэн цагт, хаана, хэр хэмжээний газар хөдлөлт болохыг хэлж чаддаггүй учраас ямагт бэлтгэлээ базааж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр л ажиллах ёстой. “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнөөр Улаанбаатар хот яг ямар нөхцөлд байгааг тооцоолох ёстой. Ялангуяа Японы эрдэмтдийн хийсэн газар хөдлөлтийн гамшгийн эмзэг байдлын зураглалд үндэслэн тооцооллоо хийх хэрэгтэй. Мөн шинээр барьж буй барилгууд дээр энэ бүхнийг тооцоолж, хэрхэн хамгаалах хэрэгтэйг нарийвчлан тогтоох ёстой. Энэ зөвлөгөөнөөс нэлээдгүй том шийдвэр гарах болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн хугацаанд барьсан барилгуудаа нурааж, шинэчлэх боломжгүй шүү дээ. Тиймээс эмзэг байдал нь юундаа байгааг тооцоолон, хүчитгэх, шаардлагатай бол нураах хэрэгтэй. Мөн хотын хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой болов уу. Зөвлөгөөний үеэр энэ чиглэлийн ямар нэг шийдвэр, зөвлөмж гараасай гэж хүсэж байна. Жишээлбэл, Туркийн газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудыг харахад нэгдүгээрт, барилгын үндсэн хийц буюу суурийн хийцлэлийн тооцооллыг буруу хийсний улмаас ихэнх барилга нурж унасан гэсэн дүгнэлт бий. Хоёрдугаарт, барилгын материалын чанар муу байна. Гуравдугаарт, барилгын ул хөрсийг нарийвчлан судалж, түүндээ тохирсон шийдлээр барилгаа бариагүйн улмаас барилга нурсан гэх үндсэн гурван дүгнэлтэд хүрсэн.

-Газар хөдлөлийн хүчийг хэмждэг балл, магнитудын талаар тайлбарлавал?

-Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн хүчийг илэрхийлэх ганц утгатай. Газар хөдлөлтөөс үүссэн долгион дэлхийн гүнээр тархан гадаргууд гарч ирэхдээ чичирхийлэл үүсгэдэг. Тэгэхээр хэр хэмжээний чичирхийлэл үүсгэж байгааг баллаар хэмжинэ гэсэн үг. Газар хөдлөлтийн голомттой ойр байх тусмаа өндөр баллтай байх бол холдвол баллын хэмжээ багасах юм. Жишээлбэл, ОХУ, Хөвсгөл орчимд үүссэн газар хөдлөлт 7-8 баллтай байхад Улаанбаатар хотод тухайн газар хөдлөлт 3-4 баллаар мэдрэгдэх боломжтой. ОХУ-д болж буй газар хөдлөлт хэр хэмжээний үетэй савлагаа үүсгэж, Улаанбаатар хотын барилгуудад хэрхэн нөлөөлж буйг тогтоох боломжтой. Газар хөдлөлтийн аюулыг тооцоолохдоо барилгажих талбай дээр судалгаагаа хийдэг. Нэгдүгээрт, суурин газруудад нөлөөлөх голомтуудыг тогтоон, хэр хэмжээний газар хөдлөлт болох боломжтой вэ, хэдэн жилийн давтамжтайгаар үүсэх вэ гэхчлэн тооцоолдог. Газар хөдлөлтийн долгионоос үүдэлтэй хөрсний савлагаа байшин, барилгуудын савлагаатай адилхан болоход тухайн барилга шууд нурах боломжтой. Өөрөөр хэлбэл, зэргэлдээ хоёр барилгын нэг нь газар хөдлөлтийг мэдрэхэд нөгөө нь мэдрэхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр, долгион мэдэрч буй барилга нь  нурах эрсдэлтэй гэсэн үг.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна

Огноо:

,

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.

-Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ?

-Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн хууль батлаад зогсох биш, түүний хэрэгжилт, хүний эрхэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих үүрэгтэй.

-УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бүх үйл ажиллагаагаа “хүн төвтэй” байхаар тодорхойлж, стратегиа баталсан, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлд ямар ахиц гарч байна вэ?

-Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хатуу үзэл баримтлалтай. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд 100 орчим шийдвэр, хууль, тогтоол гарсан. Улсын Их Хурлаас гарч буй аливаа шийдвэр хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бид баримталж ажиллаж байна.

-Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай байнгын уулзалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ механизм хэр үр дүнтэй байна вэ?

-Хүний эрхийн дэд хороо 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачидтай хамтран, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн уулзалт-хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогын түвшинд санал дэвшүүлж, хэлэлцдэг. Үүний үр дүнд хүний эрхийн чухал асуудлуудыг нийгмийн олон талт оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл гаргаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илгээх Монгол Улсын тайлангийн талаар, энэ оны 1 дүгээр сард НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, 3 дугаар сард хүүхдийн хорих ангийн нөхцөл байдлыг, 4 дүгээр сард Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар, 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар онцлон, хэлэлцсэн байна.

-Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар алхамууд хийгдэж байна вэ?

-Хамгийн энгийн жишээ гэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа муу, мэдээллийн зөрүү нь хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг асуудлаар байгууллага бүр өөр мэдээлэлтэй, нэг сэдвийн талаар өөр ойлголттой ажиллаж байна. Хууль тогтоогчдын зүгээс үүнийг төрийн байгууллага хооронд уялдаагүй байдал, тогтолцооны хийдэл гэж үзэж байгаа.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2000 гаруй журам нийгмийн харилцааг зохицуулж, тэдгээрт хүний эрхийг хязгаарлаж, зөрчсөн заалтууд байх нь түгээмэл байна. Бид энэ байдлыг өөрчилж, хүний эрхийг хязгаарлах бол зөвхөн хуульд үндэслэн, байж болох хамгийн бага хэмжээнд хязгаарладаг болох эрх зүйн шинэчлэл хийх зорилттойгоор шат дараалсан ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.

Парламентын гишүүн “…иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, … Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж…” гэж тангараг өргөдөг бөгөөд энэ агуулгаараа “хүний эрхийг хамгаалах” тангарагтай гэсэн үг. Бид тангарагаа сахиж, ажил хэрэг болгохын тулд парламентын хяналтын чиг үүргээ илүү эрчимжүүлж, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай.

-Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хугацаанд "хүн төвтэй" стратегийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-Хүний эрхийн асуудал нь ямар нэг даргын пи ар, эсвэл сонгуулийн үеэр ярьдаг сэдэв биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь, үнэт зүйл. Хүний эрхийг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн, төрийн байгууллага бүрийн, төрийн бүх шатны байгууллагын үүрэг юм.

Парламентын үнэт зүйл нь олон хууль баталснаараа бус, баталсан хуулиуд нь амьдрал дээр хүний эрхийг бодитойгоор хангаж, хамгаалж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Иргэн бүрийн жижиг мэт санагдах асуудлыг ч томруулж харж, хамгаалж, шийдвэрлэх нь парламентын хариуцлага юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Өнөөдөр Аугаа их Ялалтын баярын өдөр

Огноо:

,

Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Ялалтын баярын 80 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.

НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.

1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!  

 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.

Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан. 

“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. 

Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.  Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.

Төслийн нөлөөллийн бүс дэх  иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн,  бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа. 

Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох