Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Катар Улсын Доха хотноо “Welcome тo Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан, мөн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилготой соёлын арга хэмжээг 2023 оны гуравдугаар сарын 6-ний өдөр Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Катар Улсын соёл урлагийн сан “КАТАРА”-тай хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Доха хотноо зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд болон байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг КАТАРА-гийн Драмын театрт толилууллаа.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол, Катарын найрсаг сайн харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт нэн ялангуяа иргэд хоорондын харилцаа, соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв.

 Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Доха хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон катарын иргэд зэрэг 300 гаруй зочин үзэж сонирхсон бөгөөд  арга хэмжээний төгсгөлд КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урилаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

Огноо:

,

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.

Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.  

Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ

Огноо:

,

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2025” шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-ний өдөр эхэлсэн байна.

Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд зохион байгуулж байна. Тэмцээн таван төрлөөр явагдах бөгөөд нийт 13 байгууллагын 600 орчим тамирчин оролцож байна.

Тэмцээнд оролцож буй байгууллагуудын баг, тамирчид шатар, ширээний теннис, буудлага, волейбол, сагсан бөмбөг гэсэн таван төрлийн спортоор хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Тэмцээнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нээж, Улсын Их Хурлын гишүүд, тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Огноо:

,

БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болж байна.

Уг фестивальд “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байна.

Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлчид оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаа нь онцлог юм.

Ташрамд, Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй юм. Энэ онд хоёр хотын  ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой  энэ жил тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа билээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох