Улстөр нийгэм
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ким Жун Гүг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ким Жун Гү уулзалтын үеэр өнгөрсөн сард болсон Ерөнхий сайдын өндөр дээд айлчлал өндөр үр дүнтэй болсон гэдгийг хэлээд “БНСУ-ын Засгийн газрын зүгээс улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа ажлууд, тэр дундаа эдийн засгийн салбартай тогтвортой хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж буй” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын иргэдийн БНСУ-руу зорчих визний асуудлыг аль болох хүндрэл үүсгэхгүй байх, нааштайгаар шийдэх талаас нь анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлээд энэ салбарт шинэчлэл, өөрчлөлт хийж байгаа тухайгаа Шадар сайдад танилцууллаа.
Уулзалтаар хоёр тал эрүүл мэнд, онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тодорхой асуудлыг шийдвэрлэхээр тогтлоо.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү “Энэ сарын 15-аас хоёр улсын хоорон дахь нислэгийн тоо 7 хоногт 80 болж нэмэгдэж, ирэх зун БНСУ-аас Монгол Улсыг зорчих жуулчны тоо ойролцоогоор 200 орчим мянгад хүрэх албан бус тооцоо байна. Иймд ирсэн жуулчдын аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг хичээнгүйлэн хүсье” гэсэн юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Элчин сайд Ким Жун Гүд талархсанаа илэрхийлж, бүх салбарт нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2024/06/10
Аянга, цахилгаан хаана ч бууж болно
-
Цаг үе2024/09/11
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор ху...
-
Цаг үе2023/06/14
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2019/10/11
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв