Шударга мэдээ
Түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ түвшинд гаргах боломж бүрдлээ
“Хүрээ ротари” клубээс санаачлан "Rotary Club of Tokyo-Arakawa", "Asahikawa Morning", "Ulaanbaatar Khangarid" зэрэг найман клуб, дүүрэг хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хандивлаж буй 74,600 ам.долларын өртөг бүхий түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн шинэ лазер тоног төхөөрөмжийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвд гардуулах ёслол боллоо.
УНТЭ-т төвлөрөн үзүүлдэг байсан урологийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, ачааллыг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд 15 аймгийг бөөрний дурангийн аппараттай болгосон. Ингэснээр тус эмнэлэгт урологийн тусламж үйлчилгээ авахаар орон нутгаас ирэх өвчтөний ачаалал гурав дахин буурсан бол өнөөдөр хүлээн авч буй шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эрчүүдэд элбэг тохиолддог түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргах, илүү орчин үеийн аргаар тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгааг тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал тоног төхөөрөмж гардуулах ёслолын үеэр онцолж байлаа.

Тэрбээр мөн “УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Манай төвд бөөр, шээсний зам болон эрэгтэйчүүдийн өвчлөлтэй бүх үйлчлүүлэгч ханддаг. Тийм учраас хүлээгдэл үүсэх нь бий. Өмнө нь “Хүрээ ротари” клубээс санаачлан 227,654 ам.долларын өртөг бүхий бөөрний чулуу бутлах, лазерын мэс заслын тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт хандивлаж байсан” хэмээгээд төслийг хэрэгжүүлсэн ротаричуудад болон Урологи-андрологийн төвийн хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн энэ үеэр Урологи-андрологийн төвийн эрхлэгч Д.Баян-Өндөр “Манай эмнэлэгт түрүү булчирхайн хортой хавдрын тохиолдол жилдээ 1-2 л бүртгэгддэг байсан бол 2022 онд 17 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдөр хүлээн авч буй энэхүү аппаратын тусламжтайгаар эдийн шинжилгээг оновчтой авах боломж нээгдэх юм. Өмнө нь мэс засал хийх үед бөөр, шээсний замын чулууг хараад буталж чадахгүй, гадны оронд очиж эмчлүүлэх шаардлагатай гэж өвчтөндөө хэлэх хамгийн хэцүү байсан бол бид өнөөдөр дээрх эмчилгээг эх орондоо нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Ротаричуудын хэрэгжүүлсэн төслийн үр дүнд эмчилгээг улам төгөлдөр болгох шинэ тоног төхөөрөмжтэй болсондоо баяртай байна. Энэхүү шинэ аппаратын тусламжтайгаар энэ төрлийн эмчилгээ, оношилгоог ард иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх, гадагш гарах урсгалыг зогсоох бүрэн боломжтой боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

Энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлэгч ротаричуудыг төлөөлж үг хэлсэн Олон улсын Ротари клубийн 10 дугаар бүлгийн захирагч Галбадрах “Ротари клуб нь нийгэмд чиглэсэн ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарч, өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн мань нэг УНТЭ-т амжилттай хэрэгжиж түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний лазер тоног төхөөрөмжийг гардуулж байгаадаа баяртай байна. Япон улсаас таван дүүргийн захирагч ирсний гурав нь уг төсөлд оролцсон. УНТЭ-ийн хувьд бидний нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмжийг маш сайн үр дүнтэй ашиглаж, мэдээллийг үнэн зөв гаргадаг нь дараа дараагийн төсөл хэрэгжих үндэс болж байна” хэмээсэн юм.
Шударга мэдээ
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Шударга мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



