Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар Төрийн ордонд албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.
Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцлаа.
Мөн харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.
Улстөр нийгэм
“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцоно
Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы NHK; Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
"ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил Бүгд Найрамдах Турк улсад болж, AI буюу хиймэл оюуныг өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж болох талаар түлхүү ярилцсан.
Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” гэсэн сэдвийг онцолж байна. Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах нь хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид туршлага солилцох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан эх орноо сурталчлах гээд олон давуу талыг бий болгодог.
"ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" олон улсын хурлын албан ёсны үйл ажиллагаа ирэх пүрэв гарагаас эхэлнэ. Мөн энэхүү хурлын үер “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагддаг бөгөөд 10 орчим улсын уран бүтээлчид оролцохоор байна. “ABU ДУУНЫ НААДАМ”-д монгол улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох юм.
Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь дэлхийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн холбоо юм. Гишүүдийнхээ сүлжээгээр дамжуулан ABU нь Ази-Номхон далайн бүс нутаг даяар 3 тэрбум хүнд хүрч чадна гэж үздэг. Тус холбоо нь 1964 онд ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус, мэргэжлийн холбоо болон бүс нутагт өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан. ABU нь хэвлэл мэдээллийн салбарын гол тоглогчдын хамтын ашиг сонирхлыг дэмжиж, бүс нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг дэмжинэ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Холбоо нь нийгмийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах дэлхийн тоглогч болсон. Одоогийн байдлаар ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй. ABU нь өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, техникийн, хууль эрх зүйн, менежментийн зөвлөхүүд, түүнчлэн салбарын болон олон улсын хурал, зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлдэг. Мөн спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг томоохон байгууллага юм.
Улстөр нийгэм
Энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 28 дугаар зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулах юм. Ёслолын ажиллагаа Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овоонд 10:00 цагт эхэлнэ.
Ташрамд, Богдхан уулыг 1778 онд Их хүрээний сайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр дархлан хамгаалж, 1779 оноос тахиж ирсэн уламжлалтай. Түүхэн энэ уламжлалыг 1995 онд сэргээж, УИХ-ын 26 дугаар тогтоолоор дархан цаазат уул болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж буй.
Улстөр нийгэм
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УОК болон ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас мэдээ, мэдээллийг тухай бүрт сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Тодруулбал өчигдөр буюу есдүгээр сарын 08-нд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, өнөөдөр /2025.09.09/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар тус аймгийн Онцгой комисстой цахим хурал хийлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийнхан газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагын алба хаагчид хорио, дэглэмийг сахиулан ажиллаж байна.
Тиймээс цаашид хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх, иргэдийн орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж, байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, мэдээллийг цаг алдалгүй солилцох, халдваргүйтэл, ариутгалыг хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай зохион байгуулахыг хурлын үеэр чиглэл болголоо.
-
Цаг үе2021/04/08
Хачигт халдвараас сэргийлье!
-
Цаг үе2022/10/06
УИХ-ын Тамгын газар номын сангийн сан хөмрөгөө баяжууллаа
-
Улстөр нийгэм2021/04/06
И-март: Эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмыг ягштал биелүүлэн ажиллаж б...
-
Цаг үе2023/05/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно