Цаг үе
Бэлгийн сүрдүүлэг: Авлига эмэгтэйчүүдэд өвөрмөцөөр нөлөөлдөг болох нь
Сьерра Леон дахь дүрвэгсдийн хуаранд байсан өсвөр насны охин зайлшгүй шаардлагатай, амьд үлдэхэд нь хэрэгцээтэй хоол хүнс, саван, эм тарианыхаа талаар хуарангийн захирагчид ханджээ. Тэрбээр охинд “чиний нэр жагсаалтад ороогүй байна” гэж худлаа хэлсэн бөгөөд мөнгө нэхэхийн оронд авлигын сонгодог үйлдэл болох бэлгийн харилцаанд орохыг шаардсан байна. Охинд үүнийг биелүүлэхээс өөр арга байсангүй.
Авлигажсан бэлгийн хүчирхийлэл (Олон улсын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо “sextortion” буюу бэлгийн сүрдүүлэг гэж нэрлэдэг) нь таамаг төдий зүйл биш бөгөөд бас ховор ч биш юм. Жишээлбэл, Human Rights Watch байгууллагын өнгөрсөн 9-р сарын тайланд дурдсанаар Сомалид Бурунди, Уганда цэргүүд “байнгын, зохион байгуулалттай” бэлгийн мөлжлөг хийдэг болохыг тогтоожээ. Сьерра Леон дахь нэгэн дүрвэгч “Хэрвээ ТББ-ын ажилчдад санал болгох эхнэр, эгч, охин байхгүй бол тусламж авах боломжгүй” гэсэн бол өөр нэг дүрвэгч “Энд хэн ч бэлгийн харьцаанд орохгүйгээр CSM [шар буурцгийн тэжээллэг бодис] авах боломжгүй” гэж хэлж байна. Транспэрэнси Интернэшнлээс мэдээлсэнчлэн“Эмэгтэйчүүд хээл хахуульд өгөх мөнгө байхгүй учраас тэднээс төлбөр нэхдэггүй гэсэн ойлголт байж болох юм ... гэтэл төлбөр нь мөнгө өгөхийн оронд бэлгийн харилцаанд орох хэлбэртэй байж болзошгүй” юм. Авлигажсан бэлгийн мөлжлөг нь маш их хүчирхийлэлтэй, хүний нэр төр, эрхэд байнга халдаж байдгаас гадна өвчин тусах, жирэмслэх, нийгмээс гадуурхагдах, хохирогч буруутгагдах, гэрлэх боломж алдагдах гэх мэтээр хохирогчдод мөнгөн авлигаас асар илүү сөрөг нөлөө үзүүлдэг.
Гэсэн хэдий ч авлигын эсрэг тэмцэгчид авлигажсан бэлгийн мөлжлөгийн талаар үе үехэн дуугарч, ихэнх томоохон авлигатай тэмцэх байгууллагууд энэ сэдвийг үл тоомсорлож, мөнгөний авлигад илүү анхаарал хандуулдаг. Энэ бол алдаа юм. Авлигатай тэмцэх нийгэмлэгүүд бэлгийн сүрдүүлэг болон авлигын шинжтэй бэлгийн хүчирхийллийн бусад хэлбэрийг авлигын онцгой, гамшигт төрөл гэж хүлээн зөвшөөрч, онцгой анхаарал хандуулан, зохих ёсоор тохирсон хариу арга хэмжээг авах ёстой.
Авлигатай тэмцэх томоохон бүлэглэлүүд асуудлыг үл тоомсорлодог гэсэн гомдол эхэндээ шударга бус санагдаж магадгүй. Учир нь уг асуудлыг бүхэлд нь орхигдуулчихаагүй нь үнэн юм. Жишээлбэл, Транспэрэнси Интернэшнл байгууллагаас “бэлгийн сүрдүүлэг нь жендэрт суурилсан авлигын хүчтэй жишээ мөн” гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд “эмэгтэйчүүдийг авлига хамгийн ихээр хохироож байна” гэжээ. Гэвч энэхүү ховорхон мэдэгдэл нь янз бүрийн салбар дахь авлигын талаарх ерөнхий хэлэлцүүлэгт ихэвчлэн тусгагдахгүй байна. Жишээлбэл, Транспэрэнси Интернэшнл “бэлгийн харилцааны хариуд багш нар сайн дүн санал болгодог” бөгөөд Ботсван дахь эмэгтэй оюутнуудын 10% нь ийм тохиолдолд бэлгийн харилцаанд ордог гэсэн дүгнэлт гаргасан боловч тэдний боловсролын үндсэн цахим хуудсанд зөвхөн “дүн худалдаж авах боломжтой” гэж л дурдсан байна. Транспэрэнси Интернэшнлийн ашигласан хэллэг нь учруулсан дарамтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулдаг байна. “Сайн үнэлгээг багш нар санал болгодог” гэдэг нь багш нар оюутнуудад өгч байгаа бэлэг, эсвэл, оюутнууд сайн дураараа биеэ үнэлж байгаа мэт сонсогдож байна. Гэтэл илүү оновчтой нь “багш нар дүнгийн оронд оюутнуудаас бэлгийн харилцаа шаарддаг” гэсэн хэллэг юм.
Авлигын эсрэг бүлгүүд quid pro quo буюу давуу байдлаар солих бэлгийн бүрдүүлгийн талаар хааяахан дурдахаас гадна бэлгийн болон хүчирхийллийн замаар эмэгтэйчүүдэд хохирол учруулдаг авлигын өөр хэд хэдэн хэлбэрт анхаарал хандуулахгүй байна. Уламжлалт мөнгөний авлигын үүднээс цагдаагийн алба хаагч дэлгүүрт ороод эзэнд нь “Хэрэв та бизнес эрхлэх зөвшөөрлөө хадгалахыг хүсвэл надад 100 доллар төл” гэж хэлбэл энэ бол авлига мөн. Бас нөгөө офицер зүгээр л дэлгүүрт ороод касснаас 100 долларыг quid pro quo -гүй авбал угтаа энэ нь цаад утгаараа quid pro quo нь “надад үүнийг өг, би чамд төвөг удахгүй” гэсэнтэй адил тул мөн л авлига. Үүнтэй адил, цагдаа, цэрэг, төрийн захиргааны байгууллагын хэн нэгэн албан тушаалтан хохирогчийн хүртэх эрхтэй бараа, үйлчилгээний хариуд бэлгийн харилцаа шаардах, мөн довтлогч этгээд нь эрх мэдэлгүй байсан бол яах байсан бэ гэдгээс илүүтэйгээр энэ тухай эсэргүүцэх, мэдээлэхээс айж эмээж буй эмэгтэйг төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан хүчиндэх нь авлигажсан бэлгийн хүчирхийлэл юм. Бэлгийн мөлжлөгт өртөх үед “ТББ-ын ажилчид маш их эрх мэдэлтэй тул хүмүүс тэднийг эсэргүүцэж чаддаггүй” хэмээн Гвиней дэх дүрвэгсдийн удирдагч ярьж байна. Үүнтэй адил, гэр бүлийн зарим төрлийн хүчирхийлэл, ялангуяа, хууль сахиулагчид эсвэл бусад эрх мэдэл бүхий албан тушаалтны хүчирхийллийг, наад зах нь, тэдний хохирогчид хүчирхийллийн талаар мэдээлэх, хэрвээ мэдээлсэн тохиолдолд түүнд итгэх эсэх, эсвэл, зугтахад маш хэцүү гэдгийг эдгээр албан тушаалтнууд тооцоолж байгаа тохиолдолд үүнийг авлига гэж тооцох ёстой.
Авлигатай тэмцэх нийгэмлэг эмэгтэйчүүд авлигад өртөх олон төрлийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, эрэмбэлж чадаагүй байгаа нь биднийг бэлгийн сүрдүүлэг, хүчин, бэлгийн хүчирхийлэлтэй үр дүнтэй тэмцэхэд саад болж байна. Мөнгөний авлигатай тэмцэх ихэнх аргууд (мөнгөний урсгалыг мөшгих гэх мэт) нь бэлгийн сүрдүүлэгтэй тэмцэх шууд үр дагаваргүй байдаг. Үүний зэрэгцээ, энэ асуудлыг авлигын (системийн) хэлбэр (зөвхөн хүчирхийлэл, дарамтын бие даасан гэмт хэрэг гэж биш) гэж үзэх нь бидэнд асуудлыг шийдвэрлэх шинэ арга хэрэгслийг бий болгоход туслах болно. Жишээлбэл, ярилцлага хийх, эсвэл, нэрээ нууцлан мэдээлэхийг хүмүүсээс хүсэх замаар бэлгийн авлигад автсан албан тушаал, байгууллагын “зураглал” гаргаж болно. Хувь хүмүүсийг яллах хангалттай баримт нотолгоо байхгүй байсан ч бид хаана мөнгө төвлөрүүлэхээс зайлсхийх талаар сангууд болон засгийн газруудад дохио өгч, зорилтот бүлгүүдэд бэлгийн сүрдүүлгийн гэмт хэргийг таслан зогсоох хөшүүрэг өгч болох юм. Мэдээжийн хэрэг, авлига багатай байгууллагыг тогтоож өгөх гэх мэтээр үйлчилгээ шаардлагатай эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлөхгүй арга замыг олох хэрэгтэй. Авлигын асуудал болох бэлгийн сүрдүүлэгтэй тэмцэх бүтээлч арга замыг хайж олох нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, сайн сайхан байдалд тодорхой нөлөө үзүүлнэ.
Эх сурвалж: globalanticorruptionblog.com
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




-
Цаг үе2021/06/04
"Пфайзер" вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн ...
-
Шударга мэдээ2019/06/20
Эвлэрлийн гэрээтэй аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх үүргийг холбогдох ...
-
Цаг үе2025/01/23
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2021/03/26
Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт ор...
