Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Бат-Оргил: Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн тулд гадаад хэл, буудлага, жолоодлогын ур чадвар эзэмшсэн байх ёстой

Огноо:

,

ЦЕГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бат-Оргилтой ярилцлаа.

-Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Цагдаагийн байгууллага анх хэдэн оноос эхэлж энэхүү ажиллагаанд оролцож эхэлсэн бэ?

-Монгол Улсын цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих цэргийн ажиллагаанд 2006 оноос Сьерра Леоне, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны 9 удаагийн ээлжид Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нийт 400 гаруй алба хаагч Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн.

Монгол Улсын Цагдаагийн байгууллага НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны Цагдаагийн албанд ажиллах эрх авахаар НҮБ-ын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалтын багийг 2016 оны 04 дүгээр сар, 2018 оны 10 дугаар саруудад тус тус хүлээн авч, нийт 120 гаруй цагдаагийн алба хаагчийг хамруулснаас 35 нь шалгалтад тэнцэж, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрхээ авсан. НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын Цагдаагийн албанаас 2016 оны 07 дугаар сард анхны алба хаагчдыг Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс/БНӨСУ/ болон Бүгд Найрамдах Судан Улс/БНСудУ/-уудад тус тус Бие даасан цагдаагийн ажилтнаар томилж байснаас хойш нийт 20 алба хаагч Африкийн БНӨСУ/UNMISS/, БНСудУ/UNAMID/ болон тус хоёр улсын Дундын бүс/Абей/ дэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа /UNISFA/-нд тус тус хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгээд байна.

-Энэ жил цагдаагийн хэдэн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд явж байгаа вэ?

-Шалгалтад тэнцэж, эрхээ авсан алба хаагчдаас үлдсэн долоог нь НҮБ-ын Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаа/UNMISS/-нд оролцуулахаар /2021.07.26/-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас үдэн гаргаж, хүндэтгэл үзүүлсэн. Урьд урьдын үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид маань үүргээ амжилттай гүйцэтгэж, тус ажиллагаан дахь манай улсын Цагдаагийн байгууллагын орон тоог нэмэгдүүлж чадсанаар энэ удаад өргөн бүрэлдэхүүнтэйгээр энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд хувь нэмрээ оруулах боломж олдож байна. 

-Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг хүсдэг олон алба хаагч бий. Тэдгээр алба хаагчдад ямар шалгуур болзол тавьж сонгодог талаар мэдээлэл өгнө үү?

-НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт, үнэлгээний баг ирж, Энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд оролцох алба хаагчдаас НҮБ-аас тогтоосон стандартын дагуу Англи, Франц хэлний 4 чадвар, гар буу эмзэмших, ашиглах чадвар, 4х4 автомашинаар жолоодлого хийх чадварыг тус тус үнэлэх замаар сонгон шалгаруулалт явуулдаг.  Нийт шалгалтыг 100% гэж үзвэл, Хэлний шалгалт 80%, буудлага 10%, жолоодлого 10%-ийн харьцаатай байдаг. Эдгээр чадварыг эзэмшсэн цагдаагийн байгууллагын аль ч албан тушаалын офицер, ахлагч нарт НҮБ-ын энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд Бие даасан цагдаагийн ажилтнаар оролцох үүд хаалга нээлттэй байгаа юм.

-Ажиллагаанд явсан алба хаагчидтай Цагдаагийн ерөнхий газраас хэрхэн эргэх холбоотой ажилладаг вэ?

-Ажиллагааны хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын цол, албан тушаал, ажлын туршлагыг харгалзан багийн ахлагч, орлогчоор ажиллуулдаг. Багийг ахалж буй алба хаагч ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй нийт алба хаагчдын ажлын тайланг сар бүр авч, нэгтгэн, улирал тутам Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад ажлын тайлангаа танилцуулдаг. НҮБ-ын Энхийг дэмжих цагдаагийн ажиллагааны томилгоо, бэлтгэл ажил, үүрэг гүйцэтгэлт, хугацаа сунгалт, хугацаа дуусгавар болохтой холбоотой бүхий л үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс хариуцан явуулж, холбогдох албадад уламжилдаг.

-Ажиллагааны газар, оронд манай цагдаагийн алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-НҮБ-ын Цагдаагийн албаны үндсэн үүрэг нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, ажиллагааны газар орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, тэдний алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, НҮБ-ын бие бүрэлдэхүүн, өмч хөрөнгийг хамгаалах болон бусад цагдаагийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэх юм. Одоогоор дэлхий дээр 12 энхийг дэмжих ажиллагаа явагдаж байгаа бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс олгосон мандатын дагуу ажиллагаа бүрд цагдаагийн албаны гүйцэтгэх үүрэг өөр өөр байдаг. Жишээ нь манай алба хаагчдын томилогдож буй БНӨСУ-дахь энхийг дэмжих ажиллагаанд бол цагдаагийн алба хаагчид эхэлж очоод Дотоодын дүрвэгсдийн хуаранд 3 сарын хугацаагаар ажиллаж, ажилдаа туршлагажсаны дараагаар дараагийн албан тушаалд дэвшин ажиллах эрх нь нээгдэж, зарлагдсан ажлын байруудад шалгалт өгдөг. Тус ажиллагаан дахь цагдаагийн албаны бүтэц нь манай цагдаагийн байгууллагын бүтцийн нэгэн адил урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах, санхүү, төлөвлөлт, хүний нөөц, дотоод хяналт шалгалт, сургалтын зэрэг хэлтэс, нэгжүүдтэй байдаг. Тийм учраас алба хаагч ямар ч ажлын дадлага, туршлагатай байсан тэнд очоод тэр ажлын байрандаа дэвшин ажиллах боломжтой гэсэн үг.

-Энхийг дэмжих ажиллагаанд алба хаагчид маань оролцсоноороо ямар ач холбогдолтой вэ?

-Цагдаагийн ажил өөрөө иргэдийн амь нас, аюулгүй байдал, өмч хөрөнгө,  эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг тул энэ ажлыг дэлхийн хэмжээнд бусад улс орны цагдаа, цэргийн алба хаагчдын хамтаар хийнэ гэдэг нь их том ач холбогдол гэж бодож байна. Нөгөөтээгүүр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд алба хаагчдыг оролцуулснаар Монгол цагдаагийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, арга туршлага, танин мэдэхүй, гадаад хэлний мэдлэгийн чадвар дээшлэхээс гадна олон улсын ажиллагаанд оролцох мэдлэг чадварыг хуримтлуулдаг гээд тоочоод байвал их зүйл бий. Аливаа байгууллагын амжилтын үндэс нь мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчин байдаг. Тийм учраас Цагдаагийн байгууллага энэ чиглэлээр явуулах үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэлтэй хүний нөөцийг бүрдүүлж чадвал биднийг магадгүй үүнээс ч илүү үр дүн хүлээж байхыг үгүйсгэхгүй.

-Энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй алба хаагч хэзээнээс оролцож эхэлсэн бэ?

-НҮБ-ын Энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд анх оролцож эхэлсэн цагаас буюу 2016 оноос эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэхүү 5 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн 27 алба хаагчийн 8 нь эмэгтэй алба хаагч байгаа нь НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэрэг, цагдаагийн алба хаагчдын жендерийн тэгш байдлыг хангах бодлогын стандарт хувийн үзүүлэлтийг давуулан биелүүлсэн гэхэд болно. НҮБ-ын Цагдаагийн албаны зүгээс энхийг дэмжих ажиллагаанд хохирч буй хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажилд цагдаагийн эмэгтэй алба хаагчдыг түлхүү оролцуулах бодлого баримталж, 2028 он гэхэд  нийт ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдын тоог 30% хүргэх зорилт тавьсан. Тиймээс манай эмэгтэй алба хаагчдын хувьд боломж нэмэгдэж байгаа юм.

-Цаашид энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэнэ үү?

-НҮБ-ын Цагдаагийн алба нь Цагдаагийн зөвлөх (Individual Police Officer), Цагдаагийн баг (Formed Police Unit), Мэргэжлийн баг (Specialized police team) үндсэн 3 чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын цагдаагийн байгууллага 2016 оноос Цагдаагийн зөвлөх(Individual Police Officer)-өөр 27 алба хаагчийг томилон ажиллуулсан бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд оролцох дараагийн алба хаагчдыг НҮБ-ын Цагдаагийн албаны Сонгон шалгаруулалт, үнэлгээний багийн шалгалтад холбогдох стандартын дагуу бэлтгэж, тус багийг 3 дахь удаагаа Монгол Улсын Цагдаагийн байгууллагад урьж ирүүлэн шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  Мөн түүнчлэн 160 хүнтэй бие даасан Цагдаагийн баг(Formed Police Unit)-ийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах нөхцөл боломжийг судлан, холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.

Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ" гэлээ.

Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эмгэнэл

Огноо:

,

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт болж, нөхөж баршгүй хохирол учирлаа.

Ослын уршгаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, мөрдөс нэгт хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний баатарлаг үйлсийг Монгол Улсын төр засаг, ард түмэн үеийн үед дурсах болно.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс ослын шалтгааныг тогтоох, хохирлыг тооцоолох, осолд өртсөн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тусламж үйлчилгээг зохион байгуулах чиглэлээр шуурхай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм16 цаг 49 минут

Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сар хүртэл хойшлуулахаа...

Цаг үе17 цаг 3 минут

Малайз Улсын Авлигын эсрэг хороотой хамтран ажиллах санамж бичиг бай...

Улстөр нийгэм17 цаг 17 минут

Баянзүрх дүүрэгт гарсан галын улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж эд ...

Шударга мэдээ17 цаг 20 минут

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүс нутагт ажиллана

Улстөр нийгэм17 цаг 22 минут

Сургуулийн автобус мөргөсөн осол бүртгэгджээ

Шударга мэдээ17 цаг 24 минут

Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ОХУ, Монгол Улсын Зас...

Цаг үе17 цаг 26 минут

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчил бүртгэгдлээ

Цаг үе17 цаг 30 минут

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна

Цаг үе17 цаг 35 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цаг үе2024/02/20

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа...

Санал болгох