Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна
Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 5. Буд гараг. Найралт эх одтой, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр.
Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр нлднв зүйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна хэмээжээ.
Цаг үе
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.
Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
