Улстөр нийгэм
Батлагдсан хуулиудын талаар мэдээлэл өглөө
Улсын Их Хурлаас долоо хоногийн Мягмар гарагт “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон батлагдсан хуулиудын талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Гадаадад байгаа иргэд зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчдэд санал өгнө
Хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг нэгтгэн, Ажлын хэсэг ажиллаж, өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгтгэсэн төслийг эцэслэн баталсныг дурдаад нэмэлт өөрчлөлтийн онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөв.

2023 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсан. Энэ өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдэж, сонгуулийн тогтолцоо холимог байхаар хуульд тусгагдсан. Энэ өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорциональ/ аргаар сонгоно. Улсын Их Хурлын гишүүнийг жагсаалтаар сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байна гэж заасан талаар ярив.


Түүнчлэн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. Гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна гэх зэргээр хуульд заасан онцлох зохицуулалтуудын талаар тайлбарлалаа. Ингэхдээ гадаад улсад байгаа иргэдээс санал авахдаа зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчид буюу улстөрийн намуудын нэр дэвшилтээр санал авна. Тойрогт нэр дэвшигчдэд гадаадад байгаа иргэд санал өгөх боломж байхгүй хэмээн тодотголоо. Харин сонгуулийн дүнг гаргахдаа тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх, намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх зэрэг шаардлагуудын тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэлдээ дурдлаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголоор олон жил хуримтлагдсан асуудлуудын суурийг зөв болгох ажлыг Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцууллаа. Тэрбээр ярианыхаа эхэнд “одоогийн байдлаар инфляцын түвшин 11,3 хувьтай байгаагаас гадна өнгөрсөн 20 гаруй сарын хугацаанд инфляцын түвшин 10-аас дээш хувьтай байснаас иргэдийн бодит орлого 5,9 хувиар буурсан. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд зөвхөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, айл өрхийн орлогыг дэмжсэн тодотгол хийе гэсэн зорилт дэвшүүлсэн. Улсын Их Хурал, Засгийн газраас хэд хэдэн судалгааг хийсний үндсэн дээр төсвийн тодотголыг өргөн барьж, Улсын Их Хурлаар баталлаа. Төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Зөвхөн таван асуудал дээр төвлөрч төсвийн тодотголыг хийлээ” гэж онцлов. Тодруулбал цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэвэр болон нийслэлийн түгжрэлтэй холбоотой таван асуудал дээр төвлөрч ажилласан гэлээ.

Түүнчлэн Төсвийн тодотголын хүрээнд олон жил яригдсан ч төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудал, нийгмийн хамгаалалд буюу тэтгэврийн шинэчлэл нь онцлох гол асуудлууд хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотголоо.

Тухайлбал, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчилсөн. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 30 гаруй хуулиар цалингийн зохицуулалтуудыг хийж ирснийг өөрчлөх шаардлагатай болсон. Төрийн албан хаагчдын нэмэгдэл 104 хуулиар зохицуулагдаж байгааг цаашдаа зөвхөн Төрийн албаны тухай хуулиар шийдвэрлэдэг байх, нэгдсэн нэг бодлоготой байх зохицуулалт төсвийн тодотголын хүрээнд хийгдсэн гэж танилцуулав. Үргэлжлүүлэн цаашдаа цалин болон тэтгэвэр инфляцын түвшинтэй уялдаад нэмэгддэг байх суурь шинэчлэл хийгдэж байна. Монгол Улсад 225 мянган төрийн албан хаагч байгаагийн 217 мянган төрийн албан хаагч нь цалингийн нэмэгдлийн хүрээнд хамрагдах болно гэв. Түүнчлэн Төсвийн тодотголыг дагаж 7 хууль, 2 тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан талаар танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Дотоодод үйлдвэрлэж чадаж бараа бүтээгдэхүүнийг давуу эрхтэй худалдан авдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн
Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа. Уг хуулийн төслийг Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өргөн барьсныг Улсын Их Хурал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөх юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал ярианыхаа эхэнд, хуулийн шинэчилсэн найруулгаар хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хялбар тендер шалгаруулалт, эх оронч худалдан авалтыг дэмжих, хариуцлагажуулах зэрэг асуудлуудыг гол үзэл баримтлалаа болгосон гэж онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, эх оронч худалдан авалтыг дэмжих бодлогын хүрээнд зөвхөн дотоодын бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө, чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батална. Дотоодын давуу эрхийн зөрүүг заавал тооцно. Дотоодын барааны тендер шалгаруулалтад импортын бараа нийлүүлэгч оролцох эрхгүй гэх зэргээр хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.

Мөн үндэслэлгүй бага үнээс татгалзах буюу төсөвт өртгөөс 20 хувиар бага үнэ ирүүлсэн бол үндэслэлийг заавал дурдана. Үндэслэлгүй бол тендерээс татгалзана гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
