Цаг үе
Алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг аравдугаар сарын 7-ны 11:00-16:00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болно. Тодруулбал,
- Багануур дүүргийн 2 дугаар хороо
- Налайх дүүргийн 5, 6 дугаар хороо
- Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо
- Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо
- Хан-Уул дүүргийн 9, 12, 13, 14 дүгээр хороо
- Чингэлтэй дүүргийн 20, 21, 22, 23, 24 дүгээр хороо
- Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо
- Баязүрх дүүргийн 9, 11, 20, 27, 28, 29, 33, 34, 35 дугаар хороонд хуульч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Иргэн та тухайн өдөрлөгөөр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Цаг үе
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим сурагчийг “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт 2026 оны нэгдүгээр сараас хамруулж эхэлсэн. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр боллоо.
Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сүүний чиглэлийн үнээг олноор нийлүүлэх, сурагчдад шингэн сүү тогтмол уулгах зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд фермер эрхлэгчдэд дэмжлэг олгох асуудлыг НИТХ-аар шийдвэрлэсэн. Тодруулбал, фермер эрхэлж буй ААН-үүдэд банк энгийн зээлээс бага хүүтэй зээл олгож, уг зээлээрээ фермерүүд сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжийг бүрдүүлнэ. Зээлийн дийлэнх хувийг нийслэлээс төлж, үлдсэн хувийг аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн фермерүүд сүүний чиглэлийн үнээ авахаас гадна тоног төхөөрөмж, тэжээл худалдан авах боломжтой.
Нийслэлийн хэмжээнд гадаадаас сүүний чиглэлийн үнээ оруулж ирдэг 4-5 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр компани болон банкуудтай Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран ажиллана. Ингэснээр фермер эрхлэгч ААН-үүд банкаар судалгаагаа хийлгэж, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, сүүний чиглэлийн үнээ худалдан авах боломжтой.
Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд 1-5 дугаар ангийн 190 мянга орчим хүүхдийг долоо хоногт 1-3 өдөр “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамруулж байгаа бол ирэх жилээс 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахаар эдгээр ажлыг хийж байна” гэв.
Цаг үе
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ.
Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган хүний замаар гарахдаа хөтөлж яваагүй 833, зориулалтын бус газарт байрлуулсан 1002 зөрчлийг тус тус илрүүлж, 560 мопедыг түр саатуулах хашаанд байршуулав.
Мөн Замын цагдаагийн албаны гудамж замын хяналт шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /А ангилалгүй/, эрхээ хасуулсан мотоцикл 63, мопед 82, суррон 111, нийт 256 зөрчлийг илрүүлж, түр саатууллаа. Дүрмийн бус хөдөлгөөнд оролцсон 92 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 920 мянган төгрөгөөр торгох хариуцлага ногдууллаа.
Урьдчилан сэргийлэх чиглэлээр видео 17, постер 18, сэрэмжлүүлэг мэдээлэл 2, бусад мэдээлэл 11, нийт 57 удаагийн мэдээ мэдээлэл байршуулсан нь 3.3 сая орчим хүнд хүрсэн байна.
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйгаар зорчихдоо дараах зөвлөмжийг дагаарай.
- Хамгаалалтын малгайг заавал зөв өмсөх,
- Хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, анхаарал болгоомжтой байх,
- Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, урсгал сөрөхгүй, гэрлэн дохионы дүрмийг дагах,
- Скүүтер, мопед дээр давхар хүн суулгахгүй байх,
- Явган хүний зам дээр скүүтер, мопедоор зорчихгүй байх,
- Скүүтер, мопедыг зориулалтын газарт байрлуулах,
- Скүүтер, мопедыг 16 болон түүнээс дээш насанд хүрсэн иргэд жолоодохыг зөвлөж байна.
Цаг үе
Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр тохиож байна
Жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэдэг. НҮБ-аас 2026 оны энэ өдрийг “Ургамлын биоаюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ургамлын эрүүл мэндийг хамгаалах нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр дэлхийн хүнсний 80 гаруй хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа ч ургамлын өвчин, хөнөөлт организм, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ургацын алдагдал нэмэгдэж байна. Иймээс ургамлын биоаюулгүй байдлыг хангаж, шинжлэх ухаанд суурилсан ургамал хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал зорилт болж байна.
Монгол Улсын Засгийн газар 2025 онд Ургамал хамгааллын газрыг байгуулж, хүнсний аюулгүй байдал, тогтвортой газар тариалан, ургамал хамгааллын бодлогыг шинэ шатанд гарган ажиллаж байна. Мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, судалгаа инновацыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна.
2025 оны 3 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 183.5 мянган тоннд хүрч, рапс, тэжээлийн өвс, хивэг зэрэг бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөж буй нь газар тариалангийн салбарын хөгжил, экспортын боломж өргөжиж байгааг харуулж байна.
Ургамал хамгааллын газар энэ өдрийг тохиолдуулан “Ургамлын эрүүл мэнд-Ногоон ирээдүй” мод тарих өдөрлөг, хүүхэд багачуудад зориулсан экологийн боловсролын сургалт, оюутан залуусын оролцоог дэмжсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Урлаг спорт2020/01/20
Мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд болно
-
Улстөр нийгэм2024/07/30
Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хи...
-
Цаг үе2020/07/28
Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл ирэх сарын 03-наас эхэлнэ
-
Улстөр нийгэм2021/03/17
Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтворт...
