Цаг үе
"Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган-2023" Бээжинд болно
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь 1949 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын ажилд оролцохоос гадна төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй өнөөдөр Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна.
Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэл төслийн 80 орчим хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Мөн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн ба үүний 64 хувийг буюу 12,5 тэрбум ам.долларыг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Цар тахлаас хойших дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр орны барилга бүтээн байгуулалтын салбарт эерэг нөлөө, чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх боломжийг бий болгож байна.
Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, БНХАУ-ын барилгын материалын Тэргүүлэгч “Orient Sunder Window” Групп болон “Барилга МН” хамтран “Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 7-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү чуулганд Монгол Улсын барилгын салбарын Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлагууд, БНХАУ - ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд, БНХАУ-ын талаас Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд, ханган нийлүүлэгчид оролцоно. Тус чуулганд оролцогч талууд санал бодлоо солилцох, бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын боломжуудаа нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.
Чуулганы үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах илтгэлүүд тавигдаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал” - ыг зохион байгуулж, хоёр талын бизнес харилцаа холбоо, хамтарсан бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллах болно. Мөн Монгол Улсаас цөөн тооны аж ахуй нэгжид чуулганы тайзнаа төслийн танилцуулга илтгэл тавих боломжоор хангаж байна.
Эх сурвалж: БХБЯ
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


