Урлаг спорт
Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын уран бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа.
Төрийн шагнал хүртээх тухай зарлигт:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:
Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох
- Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
- Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
- Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
- Дууны инженер Дондойн Гантөмөр,
- Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
- Удирдаач Бадамхандын Нямдорж,
- Дуучин Хайдавын Төмөрбаатар,
- Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянмонгол чуулгын уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.
Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
Монголчууд аа, эрхэм уран бүтээлчид ээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдөр 2019 оны Монгол Улсын Төрийн шагналыг гардууллаа.
Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын багц уран бүтээлүүдэд энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн. 1969 оны долдугаар сарын 10-ны өдөр анхныхаа тоглолтыг хийснээс хойш Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлж, “Сайн байна уу, Улаанбаатар минь”, “Хангайн магтуу”, “Аяны шувууд”, “Навчин дээрх шүүдэр”, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Дөрвөн улирал, хоёр амраг”, “Сэтгэлийн жигүүр”, “Орь залуу нас” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлүүд хийсээр, 50 жил урлагт зүтгэж яваа билээ. Энэ чуулга нь орчин үеийн дуулах урлаг, хөгжмийн урлагийг салбарлуулан, олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан авьяасын уурхай, эзэд юм.
Тус чуулгаас 1981 онд гаргасан “Баянмонгол” пянз, 2019 онд гаргасан “Баянмонгол-50 жил” пянзнуудад багтсан дуу, хөгжмийн бүтээлүүд, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын үе үеийн уран бүтээлчдийн туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучдад энэ шагналыг олгож байна.
“Баянмонгол” чуулгын он цагийн шалгуурыг давсан, олон нийтийн таашаал, хүндлэлийг хүлээсэн багц уран бүтээлүүдэд Төрийн шагнал олгож байгааг коммунист үзэл суртлын хатуу шалгуураар өнгөрсөн нийгмийн үед Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төрөөс бодлогоор дарж, орхигдуулж байсан алдааг залруулж байгаа гэж бас ойлгож болно.
Ингээд Баянмонгол чуулгын уран бүтээлүүдэд олгож буй Төрийн шагналыг тус чуулгын төлөөлөл болсон хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх, хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат, саксафон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар, дууны инженер Дондойн Гантөмөр, тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж, удирдаач Бадамхандын Нямдорж, дуучин Хайдавын Төмөрбаатар, удирдаач Сугарын Саруул-Од нарт хүртээлээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл, дуу хөгжим улам бүр яруусаж, цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.
Урлаг спорт
Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ
Энэ оны долоодугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Урлаг спорт
Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид таван алтан медаль хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймгийн төв дэх “АРА” комплекс болон “АРА” аренад амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 33 орны 300 орчим баг тамирчид оролцлоо. Монгол Улсаас 66, Оросын Холбооны Улсаас 60, Бүгд Найрамдах Киргиз Улсаас 34 тамирчин ирж, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдов.
Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОХУ, дэд байрт Киргиз Улс, гутгаар байрт Монгол Улсын баг жагслаа. Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36, нийт 51 медаль хүртэж өндөр амжилт үзүүллээ. Үүнээс, өсвөр үеийн насны ангилалд 2 алт, 5 мөнгө, 11 хүрэл нийт 18 медаль хүртэв.
Хүндэт зочноор ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч А.К.Акимов, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын “Ил Тумэн” их хурлын дарга А.И. Еремеев, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын Биеийн тамир, спортын сайд Л.Н.Спиридонов, олимп, дэлхийн аварга П.П.Пинигин зэрэг төлөөлөгчид оролцлоо.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зочид, албаныхан, тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон Засгийн газраас шагнаж урамшууллаа. ССАЖЗЯ-ны жуух бичиг – Л.Н. Спиридонов, П.П. Пинигин, Олон улсын Мас-рестлингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга И.Ю. Григории нар,
Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг – Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Г. Нэргүй, Монголын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч Э. Мөнхсүрэн, дэлхийн аварга тамирчин Х. Мөнхтуяа нар шагнуулав. Дээрх шагналыг ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Жаргалсайхан хаалтын ёслолын ажиллагааны үеэр гардуулан өглөө.
Уг тэмцээний үеэр “Хүннү хаан” театрчилсан урлагийн тоглолт, “АРА” урлагийн фестиваль, тоглолтыг зохион байгуулан, үндэсний соёл, зан заншил, түүхэн өв уламжлалаа гадаадын зочид, төлөөлөгч нарт танилцуулснаар соёл, спорт, аялал жуулчлалын нэгдмэл бүтээгдэхүүн болгож чадсан юм.
Орон нутагт анх удаа зохион байгуулагдсан энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар (Засаг дарга Б. Цэрэннадмид), Монголын Мас-рестлингийн спортын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Урлаг спорт
“Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6- нд эхэлнэ
Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах "Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно.
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОНООР
Цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олох ба хувь хүний харилцаа, хандлага, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилнэ.
Цэргийн албаны үнэ цэн, мөн чанарын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болно.
ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
ҮБХИС ийн харьяа “Шонхор”зусланд зохиогдоно
Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.
Үүнд: Бэлтгэл үе: тэмцээний заавар танилцуулга, аюулгүй зааварчилгаа судлах
- Нэгдүгээр шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил
- Хоёрдугаар шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил
- Гуравдугаар шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив
Тэмцээнд оролцох хүүхдүүд заавал нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах
Сурагч өөрийн биеэр тэмцээнд оролцох хүсэлт гаргасан байх /Нэвтрүүлгийн хэлбэр чөлөөт учраас тэмцээны ялалт,ялагдал,алдаа оноог олон нийтэд телевизээр харуулахад татгалзах зүйлгүй гэсэн/
Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
Мөн оролцогч хүүхдүүд өөрийн гэр орон аав ээж гээд хайртай дотны хүмүүс болон болон оршин суугаа газраа танилцуулсан бичлэгийг гар утсаараа хийж авчрах
ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА
2025 оны наймдугаар сарын 12- 19 ны өдрүүдэд Шонхор зусланд зохион байгуулагдана.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
2025 оны Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд 11:00 цагаас МҮОНРТ дээр зохиогдоно.
Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Батлан хамгаалахын яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ажиллана.