Улстөр нийгэм
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Сэлэнгэ, Булган аймгийн малчдын бүлэг, хоршоодод ажиллалаа

Монгол Улсын Засгийн газраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зуданд орлогын эх үүсвэрээ алдаж буй малчдыг ядууралд орохоос сэргийлэхийн тулд “Малжуулах хөтөлбөр”-өөр хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна.
Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний давхар даатгалын төлөөллүүдийн хамтаар малчдын бүлэг, хоршооныхонтой уулзлаа.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Таван шар баялаг” хоршоонд ажиллалаа. 11 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж, одоо 413 гишүүнтэй болжээ. Малын арьс, шир, ноос, ноолуурыг худалдан борлуулахад зуучлах, малчдын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус хоршоо ажиллаж байна. Малчдаас авсан түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулахад нь зуучилдаг учраас хоршоод амжилттай явж байгааг малчид ярьж байна.
Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган малын тоо бус чанарт анхаарч, эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг зөв тодорхойлох нь үр дүнтэй байдаг талаар хэллээ.
Булган аймгийн Сэлэнгэ сум малчны 17 бүлэгтэй. Түүний нэг Харцайн голын малчны бүлэгт 31 өрх харьяалагдаж байна. Тус бүлэг Сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөх, хадлан, тэжээлээ бэлтгэх, хонь хяргах, ямаа самнах зэрэг ажлыг богино хугацаанд хамтдаа хийж, хоршин ажилладаг онцлогтой.
Харцай бүлгийнхэн малын түүхий эдийг хямд үнээр ченжүүдэд худалдах бус мал нядалгаа, боловсруулах зэрэг цехтэй болж үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой байна.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоо 2012 онд есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо 310 гишүүнтэй болжээ. Тус хоршоо сүү, цагаан идээг малчдаас авч, зуучлан борлуулдаг байна. Боловсруулалтын цех, жижиг үйлдвэртэй болбол малчдын амьжиргаа сайжирна гэж ярьж байна.
Малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг, бүс нутгийн онцлогтоо тулгуурлан малаа төрөлжүүлдэг, хоршоолж ажилладаг байдлаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зөв. Тиймээс Засгийн газраас хоршоолж буй малчдад бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог хэлбэрийг судалж байгааг тэрбээр хэллээ.
Улстөр нийгэм
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Улстөр нийгэм
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ.
Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.
Улстөр нийгэм
Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна
Усны тухай хуулиийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж байна. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 дугаартай удирдамжийн дагуу ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Тус оны эхний хагас жилийн байдлаар 151 объектод хяналт шалгалт явуулж, усыг зохих зөвшөөрөл, гэрээгүй ашигласан, хуульд заасан ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй 89 зөрчил дутагдлыг арилгуулан, 27 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулан ажилласан
Мөн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/08 дугаартай удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх байгууламж болон ахуйн бохир усны бага оврын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал усны стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
-
Цаг үе2022/11/17
ЗГ: Худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулж, цахимжуулна
-
Үзэл бодол2020/05/14
А.Тлейхан: У.Хүрэлсүхийн Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсв...
-
Улстөр нийгэм2025/03/19
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр ...
-
Улстөр нийгэм2025/08/20
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс в...