Улстөр нийгэм
“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран Дорнод аймагт зохион байгуулах “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 7-нд тус аймагт эхэлнэ.
Энэ удаагийн сургалт, дадлагад гадаад, дотоодын нийт 300 гаруй төлөөлөгч оролцох ба ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн, хайх аврах-111 болон Зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулах юм.
Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь академик болон ширээний, техникийн, дадлага сургалт гэсэн гурван төрөлтэй бөгөөд гал түймэр, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага, хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх дадлага сургалтууд явагдана.
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан.
Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Өмнөговь аймагт, 2018 онд “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Ховд аймагт, 2019 онд “Орон нутгийн чадавх ба бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр Дорноговь аймагт, 2021 онд “Хангай-21” нэртэйгээр Архангай аймагт, 2022 онд “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд Баянхонгор аймагт тус тус зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Улстөр нийгэм
ABU PRIZE 2025:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо
Ази-Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн улс орнуудын телевиз, радио болон дижитал контентын шилдгийг шалгаруулах “ABU PRIZES” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Жил бүр “ABU PRIZES” шагналын өрсөлдөөн улам өргөжиж байгаа. Энэ жил 318 бүтээлээс 66 бүтээл шалгарч 17 төрөлд өрсөлдсөн байна
“ABU PRIZES” -Телевизийн драмын төрөл
- Австрали улс- Мэдээний хөтлөгч
- Герман улс -Хотыг айдаст автуулсан мэдээ
- Герман улс -Агуу шоумэн
- Унгар улс-Хөөсөрсөн вальс
- Япон улс – Зуушны аяга зэрэг бүтээл өрсөлдөж, Германы телевизийн шилдгээр шалгарлаа.
“ABU PRIZES” Телевизийн мэдээ сурвалжилга
- БНХАУ- Байгальд нутагшуулсан хулсны баавгайн бичлэгийн амьдаар буулгав
- Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн
- БНСУ- Азийн нөлөө зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн сурвалжилга шилдэг сурвалжилга боллоо.
Телевизийн хүүхдийн шилдэг нэвтрүүлэг
- БНХАУ- Өсвөр үеийн яруу найраг
- Герман улс- Хулгананы шоу
- Иран-Нарийн түүх
- БНСУ- Амьтдын тухай тохиомол
“ABU PRIZES” Телевизийн спорт
- БНХАУ-Бүү зогс
- Япон улс- Гүйлтийн амьдрал, Цагтай уралдах, Бутанд дахь цасан уралдаан
- Турк улс-Ах нь дүүс зэрэг бүтээл өрсөлдөж, Япон улсын гүйлтийн амьдрал бүтээл шилдгээр шалгарлаа.
“ABU PRIZES” телевизын баримт кино
- Австарли-Мойлхон
- Япон улсын -Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ
- БНХАУ-Түүх өгүүлнэ
- Япон улс -Тэнгисийн гүнд зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Японы Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ шилдгээр шалгарлаа.
Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны өнөөдрийн байдлаар 66 орны 230 гишүүн байгууллагыг нэгтгэсэн. Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байгаа билээ.