Улстөр нийгэм
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болов
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 18-ны өдрийн хуралдаан 15 цаг 53 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал болон холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцов.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо.
Энэ мэдээлэлд төрийн нууцад хамаарах асуудал болон, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастайгаар УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хаалттай горимоор явуулсан” гэж байлаа. Мөн тэрбээр, “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол зохион байгуулалтын агуулгатай учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх болсноо мэдэгдсэн. Уг тогтоолд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг тусгаж, баталсан бөгөөд, Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсөн байна.
Байнгын хорооны тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тус яамны боловсон хүчний томилгоотой холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал нар мэдээлэл хийлээ.
Үүний дараагаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Л.Болд, Ц.Цогзолмаа, Б.Энх-Амгалан, С.Батболд нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Төрийн албан хаагчид хар тамхины сүлжээг эрхэлж, зохион байгуулж, байгаа учраас асуудал хүрээгээ тэлж байна. Энэ асуудалд дипломат алба, цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтнууд оролцсон нь монгол төрийн нэр төрийг хүчтэй унагаалаа. Иймд Байнгын хорооноос баталсан тогтоолын дагуу эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Дипломат албан тушаалтнуудын энэ хэрэг олон улсын анхаарлыг татаж, Монгол Улс энэ хэргийг мартуулаад өнгөрөөх үү, өмнөх шигээ толгойг нь илэх үү гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Иймд маш тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Ялангуяа дипломат шуудан, унаа машиныг гэмт хэрэгтээ ашигласан бол энэ асуудлаар Монголд ч гэсэн хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Батболд, “Энэ асуудлыг томоор харж, монголын төрөөс хар тамхины эсрэг явуулж байгаа бодлогоо хянаж үзээд, цаашид ямар дэмжлэг үзүүлж, хэрхэн ажиллах шаардлагатай байгаа анхаарч үзэх цаг болжээ” хэмээж байлаа.
Гишүүдийн зүгээс хар тамхи, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон дипломат ажилтнуудад монголд хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт бий эсэх, зөвхөн баривчлагдсан дипломатууд бус цаад талд нь байгаа сүлжээг илрүүлэх талаар ямар ажил хийж байгааг сонирхож байлаа. Түүнчлэн салбарын яам боловсон хүчний бодлогоо хэрхэн явуулж байгаа болон хар тамхитай холбоотой асуудлаас болж унасан Монгол Улсын нэр хүндийг сэргээх, харилцаагаа сайжруулах талаар бусад улс орнууд хэрхэн хамтран ажиллаж байгааг тодруулав.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа, өмнө нь тамхи зөөсөн тохиолдолд гадаад улсын гаалийн хууль зөрчөөд торгууль төлсний дараа монголд нэг хэргээр хоёр ял оноож болохгүй гээд зүгээр явуулдаг байсан. 2008 оноос яг энэ асуудалд бултах аргагүй болгож, шинэ гэрээ хийж эхэлсэн. Харь орны гаалийн хуулийг зөрчөөд торгуулсан бол монголын төрийн албаны хууль зөрчсөн хариуцлагыг хэн ч ярихгүй байж болохгүй. Иймд хариуцлагыг нь тусгаж, эдийн засгийн хохирлыг нь төлүүлэх талаар тусгасан гэрээ байгуулдаг болсон гэж байлаа.
Мөн тэрбээр, дипломатуудын хар тамхи зөөсөн хэргийн цаана том сүлжээ байгаатай санал нэг байгааг дурдаад олон улсын томоохон сүлжээнүүд цаашлаад гадаадад байгаа монгол иргэдийг онилоод хар тамхи зөөвөрлүүлэх болсон. Монголчууд дангаараа олон улсын хар тамхины том сүлжээг илрүүлж дийлэхгүй. Иймд манай улсын тусгай байгууллагууд олон улсын тусгай байгууллагатай хамтран ажиллаж, мэдээллээ солилцож, маш идэвхтэй ажиллаж байж хар тамхины асуудлаас иргэдээ хамгаалж чадна гэж байлаа.
Гадаад харилцааны яамны хувьд дипломат шугамаар бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд ойрын үед хамтарсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн гэдгийг салбарын сайд хариултдаа онцлов. Байнгын хорооны тогтоолоор салбарын яамны хэмжээнд албан тушаалтнуудыг мэргэжлийн түвшинг үнэлэх шалгалтыг явуулах үүрэг чиглэлийн дагуу түвшин тогтоох шалгалт явуулахын зэрэгцээ чадварлаг боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэх, урамшуулах, мэргэшүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллаж байна гэж Д.Цогтбаатар сайд хариултдаа дурдлаа.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.
Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.
Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.
Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.
Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.
Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.
Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.
Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.
“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.
Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.
Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.
Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.
Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.
