Урлаг спорт
Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ.
2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм.
Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ.
Өндөр настай хэдий ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Өдгөө 90 нас сүүдэр зооглосон Ц.Раднаа гуай ирэх наймдугаар сард Шведийн Хаант Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, дахин рекорд тогтоохоор бэлтгэлээ базааж байна.
Ц.Раднаа гуай өглөө бүр 3-4 км гүйж, 60, 100, 200 метрийн зайн гүйлтийг тус бүр 10 удаа давтаж, биедээ таарсан хүчний бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийдэг. Бэлтгэлээ хэтрүүлчих гээд байдаг талтай гэдгээ ярилаа. Мөн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ном бичиж эхэлснээ ч хэллээ.
Тэрбээр 90, 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавьсан байна.
Хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэн, архи, согтууруулах ундаа, тамхинаас хол байвал бие, ухаан санаа эрүүл байж, урт наслах бүрэн боломжтой. Иймээс өглөө эрт босож гүйж байхыг хүүхэд, залууст захилаа.
Урлаг спорт
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл мисс З.Номинзулыг хүлээн авч уулзлаа
Мексик улсад болсон “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнийг МҮОНТ үзэгч түмэндээ шууд дамжуулан хүргэсэн.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл өнөөдөр тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч мисс З.Номинзулыг хүлээн авч уулзлаа.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл “Miss Mongolia 2023” наадмын үндэсний ялагч З.Номинзулд баяр хүргэн, дурсгалын зүйлс гардуулж, амжилт хүссэн юм.
Мисс З.Номинзул нийгмийн хариуцлагын хүрээнд “Боловсролын тэгш хүрээмж”-ийг хөндөн ажиллахыг зорьж байна.
Түүний энэ санаачилгыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Урлаг спорт
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болно
Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдана.
Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгаран хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгаран шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.
Шигшээ тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын Дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг юм.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Урлаг спорт
“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй
Мексик улсад болж байгаа “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул оролцож байна.
Тус тэмцээнийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. Тодруулбал, урьдчилсан шалгаруулалтыг Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 09:00-13:00 цагт, сүүлчийн (финалийн) шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 17-ны ням гарагт 08:00-12:00 цагт үзэгч та бүхэнд хүргэнэ.
Шууд дамжуулалтын хамтрагчаар Зөв Монгол брэнд болон Гоулдс Жим ажиллаж байна.
Сануулахад, дэлхий даяар 1.5 тэрбум хүн шимтэн үздэг хамгийн нэр нөлөө бүхий Миссийн тэмцээн гэгддэг “Miss Universe" нь оролцогчдыг зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгээр бус, дотоод итгэл үнэмшил, хүчирхэг зан чанараараа бусдыг урамшуулж, манлайлал үзүүлэхийг зорьсон бүсгүйчүүдийг тодруулдаг.
Тиймдээ ч “Miss Universe” тэмцээнийг дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулдаг томоохон арга хэмжээнд тооцогддог юм. Энэхүү тэмцээн нь гоо үзэсгэлэн, авьяас чадварыг харуулахаас гадна соёлын олон талт байдал, нийгмийн асуудлыг онцолдог.
Ташрамд дурдахад, “Miss Universe 2023" тэмцээнийг телевиз, дижитал, сошиал медиа платформ зэргээр нийт 122 сая хүн үзсэн мэдээ байна.