Улстөр нийгэм
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 5-наас эхэлнэ
Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Эхний шатны бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийлээ. Үүнд 103.999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээж, хариуг энэ сарын 20-21-нд эцэг, эх, асран хамгаалагчдад мессежээр хүргүүллээ. Хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ.
Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11.768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23.188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх судалгаа гарсан. Асуудлыг шийдвэрлэхийн тулд ерөнхий боловсролын 29 сургууль нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээсэлнэ. Өнөөдрийн байдлаар 22 сургуулийн түрээсийн байрыг судалж, шийдвэрлээд байна.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил И-Монголиа системээр бүртгэж байна. Бүртгэл энэ сарын 12-25-нд үргэлжилнэ.
“Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдвэрлэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр багш бус мэргэжилтэй их, дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна. Энэ хугацаанд хөрвөх сургалтаар багш мэргэжил эзэмшиж үндсэн багшаар ажиллах боломжтой болно. Хичээлийн жилийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах, тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах, удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр арга хэмжээ авч байна” гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
Мөн хичээлийн жилийн нээлтийг багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нээлттэй уян хатан байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна гэлээ.
Улстөр нийгэм
Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.
Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.
Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.
Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
