Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТББХ: УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.  

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ. 

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 4.1.6-д заасан баримт бичгийн төслийг энэ хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан боловсруулж, Засгийн газарт танилцуулах;” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулна.” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заасны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь  “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон байна.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгажээ. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэхээр; хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, тэгш боломжийг ханган, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр; эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр; боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

Мөн ирэх таван жилд анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц, баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулж, орчны чанар стандартыг сайжруулж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэхээр төлөвлөсөн бол авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүн, оюуны өмч, шинэ технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэх боломжтой хэмээн төсөлд тусгасан байна.

“Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба тэдгээрийг нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу гурван төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу хоёр төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу гурван төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу нэг төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшний хэмжээг нэмж олгож байна

Огноо:

,

Нийслэлд өнөөдрийн байдлаар 397 цэгт шахмал түлш борлуулж байна. Түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцийн талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар түлш борлуулах 397 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлш худалдаж байна. Бид өнгөрсөн долоо хоногийн дундаас цэгүүдэд борлуулагдах түлшний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Түлшний хомсдолыг бүрэн шийдсэн. Өчигдөр хотын даргын өгсөн үүргийн дагуу 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай айл өрхүүдэд түлшний хэмжээг нэмж олгож байна. Том метр кв бүхий сууцанд амьдардаг өрхүүд хорооны Засаг даргаасаа тодорхойлолт авч, үл хөдлөхийн гэрчилгээнийхээ хамт “Тавантолгой түлш” ХХК-д мэдэгдэх ёстой. “Хотула” аппликейшнд 236 мянган хэрэглэгч бүртгүүлсэн. Хүн амын судалгаанд үндэслэн давхардлыг арилгаж, 142 мянган өрх түлшээ асуудалгүй авч байна. Түр оршин сууж байгаа иргэд хорооны Засаг даргаас тодорхойлолт авч, “Тавантолгой түлш” ХХК-ийн чат болон, 7011-9400 утсаар холбогдон эрхээ нээлгэх боломжтой. Мөн “Хотула” апп ашиглан эрхээ нээлгэж болно. Хүсэлтийг хоёр цагийн дотор шийдвэрлэж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын сангаас 32,2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийг шалгаж байна

Огноо:

,

Тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

ТЕГ-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах” гэмт хэрэгт Монгол Улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаар хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад “хахууль өгөх” замаар Нийгмийн даатгалын цахим санд оруулж, улмаар арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагуудаас нийт 32,2 тэрбум төгрөгийг зээл авч, хохирол учруулсан нь тогтоогдоод байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2025/10/31

Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

Цаг үе2025/10/31

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хи...

Цаг үе2025/10/31

Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлц...

Шударга мэдээ2025/10/31

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батл...

Улстөр нийгэм2025/10/31

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл б...

Шударга мэдээ2025/10/31

Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх са...

Цаг үе2025/10/31

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагаа...

Үзэл бодол2025/10/31

А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг

Цаг үе2025/10/31

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-нд 200 гаруй төлөөлөгч оро...

Улстөр нийгэм2025/10/31

Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшн...

Санал болгох