Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаатай танилцав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ц.Идэрбат, М.Мандхай, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Л.Соронзонболд нар 2024 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллав.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон.

Тэрбээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар нь Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал, амьтны тавлаг байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газар 43 ажилтантай, нийслэл, орон нутгийн 22 нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа ч хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал болсон гэв. Тухайлбал, 330 суманд 660 хүн ажиллах ёстой ч өнөөдөр 213 хүний сул орон тоо байгаа нь ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага байгаатай холбоотой гэв. Хэдийгээр улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 1028 мал эмнэлгийн үйлчилгээний анхан шатны нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байгаа ч нийт малын эмчийн 65 хувь нь 50-иас дээш насныхан байгаа нь залуус энэ ажлыг хийх сонирхолгүй болсонтой холбоотой гэлээ.

Тус танилцуулгад олон улсын жишгээр нэг малын эмчид 10 мянган толгой мал ногдох бол, монголд нэг малын эмчид 50 мянган толгой мал ногдож байгаа талаар дурдсан байв.

Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол батлагдсанаар мал эмнэлгийн салбарт эрс шинэчлэлийг хийж, үүний үр дүнд гоц халдварт өвчинтэй тэмцэх бодлого, вакцины худалдан авалтад томоохон дэмжлэг болж, гоц халдварт өвчнийг 70 хувиар бууруулсан гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, жил бүрийн төсвийн төслөөс хөдөө аж ахуйн салбарын төсөв, хөрөнгө оруулалтаас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх урсгал зардлыг хассан байдаг тул цаашид эл салбарын лабораториудын оношлуур, техник хэрэгслийг шинэчлэх, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломжийг хууль тогтоомжид тусгах талаар онцгой анхаарч өгөхийг Байнгын хорооны гишүүдээс хүсэж байлаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, малчдын амьжирааны эх үүсвэр болсон малыг эрүүлжүүлэх, улмаар мах, сүүний экспортыг нэмэгдүүлэх, эл салбарыг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Байнгын хороо болон гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.  

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Мал эмнэлгийн салбарын боловсон хүчин, техник технологийн чадамж боломжийн түвшинд байгаа ч малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээг цаг тухайд нь хийж, салбарын үйл ажиллагааг жигдрүүлж чадвал махны экспортыг нэмэгдүүлж, малчдын орлого ч сайжирна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега том төслийн 15 дахийг малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортыг нэмэгдүүлэхэд чиглүүлж болно. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар салбарын хэтийн төлөвийг том зургаар харж, бодитой бодлого боловсруулж, түүнд шаардлагатай санхүүжилтийн төсвийн саналаа 2026 оны төсвийг хэлэлцэхээс өмнө Байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Дараа нь Байнгын хорооны дарга болон гишүүд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Г.Гэрэлмаа улсын төсөвт үйлдвэрийн байгууллагын талаар товч танилцуулсан.



Тэрбээр, тус лаборатори нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дэлхийн болон бүсийн лавлагаа лабориториудтай сүлжээ байдлаар ажилладаг гээд  21 аймгийн лабораториудад илрүүлэх түвшний шинжилгээ, төв лабораторид сорьц, дээжийг баталгаажуулах шинжилгээг хийдэг. Төв лаборатори олон улсад итгэмжлэгдсэн тул шинжилгээний хариу хөрш улс орнуудад хүчин төгөлдөр үйлчилдгийг онцолж байсан.  

Тэрбээр, Европын холбооны зөвлөмжийн дагуу 2022 онд эмийн болон пестицидийн үлдэгдлийг илрүүлэх багажийг суурилуулснаар 53 үзүүлэлтээр шинжилгээний дүнг 12 цагийн дотор оношлох боломжтой болсон хэмээв. Тус лаборатори нь Ази, Номхон далайн бүс нутгуудад гарч буй Монгол Улсад аюул учруулах, хил дамжин орж ирэх эрсдэлтэй гоц халдварт 15 өвчин, ямааны годрон зэрэг шинэ болон сэргэж буй нийтдээ 30 орчим өвчнийг шинжлэхэд бэлэн байгаа гэлээ.


Харин тус лаборатори нь 1972 онд баригдаж, томоохон их засвар хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан тул өвлийн цагт хүйтэн, мөөгөнцөртдөг. Иймд шинжилгээний өрөөнүүдэд нэмэлтээр халаагуурууд тавьж үйл ажиллагаагаа явуулдгаас цахилгааны хүчдэл хүрэхгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэх мэтээр яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудлынхаа талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. 

Тухайлбал, мал эмнэлгийн оношилгооны, био аюулгүй ажиллагааны 1-3 дугаар зэрэглэлийн стандартын шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн лабораторийн барилга шинээр барих, 21 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн сүлжээ лабораториудыг мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлыг тодорхойлох 7 төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэх бүсийн лавлагаа лаборатори байгуулах, өндөр мэдрэмтгий багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоо ашиглаж буй багаж хэрэгслийн тогтвортой, тасралтгүй ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн арчилгаа, засвар үйлчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт хангалттай хэмжээгээр тогтмол тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, Монгол Улсын хэмжээнд заавал хийгдэх малын өвчин, эмгэг, хүнсний аюулгүй байдлыг хянах 22 төрлийн тандалтын төсвийг албан ёсоор төлөвлөдөг болгох, хүний нөөц бэлтгэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа. Мөн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 3.5 тэрбум төгрөгийн төсвийн саналыг хүргүүлдэг ч жил бүр 1.3 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж ирдэг хэмээн Г.Гэрэлмаа захирал хэлсэн.

Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж,  Монгол Улс дэлхийд хорт хавдраараа  тэргүүлж буй энэ цаг үед 330 сум болон 1000 гаруй багийн Засаг дарга нарыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, үйл ажиллагаандаа тэднийг татан оролцуулах, и mongiolia-цахим системтэй малын гэрчилгээгээ уялдуулах зэргээр хөрөнгө, төсөвгүйгээр нэгдсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах талаар санал хэлсэн.

Харин Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэхэд тус лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орчин үеийн оношлуур, багаж хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд салбарын яам холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг гарган ажиллаж, Байнгын хороотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, шаардлагатай бол Засгийн газарт үүрэг, чиглэл өгч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох