Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, гишүүн Ж.Баярмаа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв (СЭМҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв 1929 онд Хий судлалын больниц нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 1963-2014 онд баригдсан долоон обьектод үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагаа нь сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилсан сэргийлэх болон Монгол Улсын хууль, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд анхан болон үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулах гэсэн дөрвөн чиглэлтэй болохыг тус төвийн захирал Г.Анхболд танилцуулсан юм. 505 орон тоотой ажиллахаар батлагдсан боловч өнөөдрийн байдлаар 427 хүнтэй ажиллаж байгаагийн 81 нь их эмч, 98 нь сувилагч, 113 нь туслах сувилагч, 135 нь туслах ажилтан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар манай улс амиа хорлож нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн дунджаас хоёр дахин өндөр буюу 100 000 хүн амд 17.9 гэсэн үзүүлэлттэй байжээ. Мөн 2013 онд үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар сэтгэл гутрах, сэтгэл түгших эмгэг ойролцоогоор таван хүн тутмын нэгд илэрсэн нь уг эмгэгийн тархалт өндөр байсныг харуулж буй юм. Үүнээс хойш улс орныг хамарсан дорвитой судалгаа хийгдээгүй байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөнхүү өссөөр байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчлөл, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилж байна.

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм. Тус төв өнөөг болтол төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвлийн улиралд уурын зуух ажиллуулж халаалт авдаг бөгөөд энэхүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Баатаржав Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдээс хүсэв. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Алтанзул тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон бол нөхөн сэргээх, сэтгэл заслийн эмчилгээний эмч, Монгол Улсын гавьяат эмч Я.Сампил 2006 оноос олон улсын төслөөр эхлүүлсэн “Гэр эмчилгээ”-нийхээ талаар танилцуулж, СЭМҮТ-ийн эмчилгээнд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хослохоос гадна эмчлүүлэгчдийг нийгмийн харилцаанд оролцуулж, амьдрах чадавх бий болгох явдал ихээхэн чухал болохыг онцолсон юм. Мөн Амбулаторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Ганцэцэг, Хоёрдугаар клиникийн эрхэгч, Үйлдвэрний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул нар төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, ажиллах нөхцөл, цалин хангамж болон салбар хоорондын буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээний хамтын ажиллагааны эрх зүйн болон зардал, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатайг дурдсан юм.

Төвийн захирал, удирдлагууд эмчилгээ, тусламж үйлчилгээндээ шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хариулахдаа, тус төвөөс тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нийт 10.0 тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирүүлснийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн юм. Сүүлийн хоёр жилд тус төвд 1.2 тэрбум төгрөгийн засварын ажил хийгдсэн бөгөөд Сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн шинэчлэлд 300.0 сая төгрөг зарцуулсан байна.

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөллөөс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч, сэтгэцийн эрүүл мэндийн эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын харилцаа, уялдаа холбоог нягтруулах болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн нийгэмд чиглэсэн урьдчилан сэргийлэх, олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Огноо:

,

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох