Цаг үе
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооноос Газрын тухай хууль тогтоомж, газрын харилцааны талаар НИТХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих болон ирэх оны нийслэлийн газар зохион байгуулалттай холбоотой төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа удирдан явууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Б.Сэмжидмаа, Э.Одонтуяа, Д.Ихбаяр, Т.Батцогт, Г.Батбаяр, Т.Отгонболд, Д.Отгонсүрэн, О.Зундуйдорж нар оролцож хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор албаныхнаас тодруулга авлаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон ирэх 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн онцлог зэрэг холбогдох асуудлын талаар танилцуулав. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд тухайн дүүрэгт төлөвлөсөн газар зохион байгуулалт, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын хүрээнд танилцуулга, мэдээлэл өглөө.
НГЗБА-ны Газар чөлөөлөх 1, 2 дугаар хэлтсийн дарга Б.Жамсран, Б.Мягмарсүрэн нар нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг хүргэв.
Харин НИТХ-ын төлөөлөгчид газар зохион байгуулалт, чөлөөлөлт, нөхөр олговор зэрэгт иргэдийн саналыг хэрхэн тусгаж байгаа, газар эзэмшигч иргэдийн эрхийг хэрхэн хамгаалж байгаа талаар тодруулж, цаашдаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх чиглэлээр санал дүгнэлтээ нэгтгэхийг санууллаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсөн хөгжлийн хорооны гишүүн Д.Отгонсүрэн Налайх дүүргийн гэр хороолол бүхий 3,4-р хорооны суурьшлын бүсийн дунд 2000м2, 1-р хорооны суурьшлын бүсийн дунд 2000м2-аас доошгүй газрыг чөлөөлж спортын талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал дэвшүүлснийг дэмжихээ илэрхийллээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

