Улстөр нийгэм
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Тогтоолд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболдыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн С.Замираг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Н.Алтаншагайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Сронзонболдыг Хууль зүйн байнгын хорооны, П.Сайнзоригийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус томиллоо.
Ингээд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд, нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгажээ.
Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан. Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ. Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байна гэж Засгийн газар үзжээ.
Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэмдэглэж, энэ шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа Улсын Их Хуралд суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3-д заасан нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан байх нөхцөлийг хангаагүй намуудад боломж хязгаарлагдмал байна гэлээ.
Иймд шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах талаар Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал ирүүлснийг харгалзан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулжээ.
Үүний дараа Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад уг Конвенц чиглэгдэж буй юм. Конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав. Хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улс урьд өмнө ямар ямар конвенцод нэгдэж байсан, нэгдэн орсон боловч үүргээ биелүүлээгүй тохиолдолд байгаа, эсэх талаар асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хуулийн төслийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, тэднийг төөрөгдүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.
Дараа нь Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан байна. Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд, дэмжсэн гэдгийг онцлов.
Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Г.Тэмүүлэн нар Монгол Улс олон улсын хэчнээн тооны гэрээ, конвенцод нэгдсэн орсон, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар үр дагавар гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй талаар үг хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хийсэн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, конвенцод нэгдсэн орсноор хүлээх үүрэг, түүнийгээ биелүүлээгүйгээс бий болох үр дагаврын талаар дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Улсын Их Хурлын 2015 оны зургадугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан юм. Үүний дагуу Засгийн газраас хуулийн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, дэмжсэн байна.
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийг төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд конвенцод нэгдсэнээр ямар ач холбогдолтойг болон цаашид энэ төрлийн хэдэн конвенцод нэгдэн орох шаардлагатайг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Батсүмбэрэл цөмийн энергийн талаарх ойлголт, мэдээллийг олон нийтэд үнэн зөв, оновчтой хүргэх, конвенцод нэгдсэний давуу болон сул тал, эрсдэлийн талаарх мэдээллийг түгээхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.
Дээрх хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг мөнхүү Улсын Их Хурлын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

-
Шударга мэдээ2023/02/27
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
-
Цаг үе2024/10/03
АНУ-ын зүүн өмнөд бүс нутагт 1000 жилд тохиолдоогүй гамшигт үзэгдэл болжээ
-
Урлаг спорт2019/11/29
“UB DANCE” орчин үеийн бүжгийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион ба...
-
Цаг үе2026/02/05
“Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай а...
