Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Харумафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд  Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.

Нэг кластерт арван өрхийг хамруулан, өөрийн гэсэн газартай, өдөр бүр орлого олж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.

Тухайлбал, Б.Оргилынх 2024 оноос фермерийн аж ахуй эрхэлж байна. Энэ өрх 18 үнээтэй, өдөрт дунджаар 18 литр сүү сааж, борлуулж байна. Мөн төрийн бодлогоор сүүний урамшуулал олгож байгаа нь фермерийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болж байгааг энэ үеэр хэллээ.

Одоогоор гурван фермийн 30 өрхийн 100 орчим иргэн байнгын ажлын байртай болж, дотоодын сүүний үйлдвэрүүдийг есөн сая литр сүүгээр хангаад байна.

Сүүний зах зээлийг тэлэх, малчдыг дэмжих үүднээс үйлдвэрийн аргаар боловсруулсан литр сүү тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Энэ урамшууллыг бүтэн жилийн турш олговол үйл ажиллагаагаа өргөжүүлэх, малчид хорших томоохон хөшүүрэг болохыг “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс ярилаа.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татварын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн кластерын фермийг хөгжүүлэхэд шаардлагатай 1,000 толгой сүү, махны хосолмол цэвэр үүлдрийн үнээг импортоор оруулж ирэхэд дэмжлэг үзүүлбэл 2030 он гэхэд цөм сүрэгтэй болох боломжтойг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

Анх хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судаан дарш тариалан, 2023 онд сүүний үйлдвэрээ барьж эхэлсэн тухай “Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж, гүйцэтгэх захирал Н.Болдбаатар нар танилцууллаа.

Ферм эхний ээлжинд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагчдыг, цаашид үйлдвэрлэлээ үе шаттай нэмснээр бусад сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангахыг зорьж байна.

Тус сургуульд суралцагч 1,800 хүүхдэд өдөрт тус бүр 200 гр цэвэр сүү нийлүүлэхээс гадна бүтээгдэхүүнээ “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрээр борлуулж байна.

“Харүмафүжи сүүний ферм” нь Францын Монбельярд үүлдрийн 100 гаруй үнээтэй, нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү авдаг, хог хаягдал гаргадаггүй, эко эрчимжсэн мал аж ахуй юм.

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг “Пастерийн арга” нэвтрүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, 77 цех, хөргөлтийн төвд 1,700 орчим хүн ажиллаж байна.

Шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бөгөөд сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна.

Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд  өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг хэлж байлаа.

Салбарын яамны мэдээллээс үзвэл жил бүр сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна.

Тухайлбал: 2020-2021 онд 4 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул)-ийн 8 үйлдвэр, 2021-2022 онд 5 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон)-ийн  12 үйлдвэр, 2022-2023 онд 7 аймгийн 15 үйлдвэр, 2023-2024 онд 11 аймгийн 24 үйлдвэр, цехэд түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерүүд сүү нийлүүлж, урамшуулалд хамрагджээ.

Үүний үр дүнд 2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая.литр болж нэмэгджээ.

2024-2025 онд 14 аймгийн 32 үйлдвэр, цех сүүний урамшуулалд хамрагдахаар шалгараад байна.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох