Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Парламентын мэтгэлцээний УАШТ-д “Монад” баг тэргүүллээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулсан Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр дүнгээ гаргалаа.

“Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд энэ сарын 21-23-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд 10 их, дээд сургуулийн мэтгэлцээний клубуудын 36 баг шалгаран өрсөлдөж, дөрвөн тойргийн мэтгэлцээн хийснээс Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн Бест клубын “Монад” баг, тус сургуулийн Хууль зүйн сургуулийн Беркли клубын “Дайралцаан” баг тунаж, эцсийн шатанд өрсөлдөв.
 Иргэд тайван жагсаал, цуглаан хийхдээ төрд урьдчилан мэдэгдэх нь буруу гэсэн шийдлийг хамгаалж, няцаасан эцсийн шатны мэтгэлцээн ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн 2, 3 дугаар ангийн оюутан О.Энхжин, О.Гантулга нар Засгийн газрыг төлөөлж, тайван жагсаал, цуглаан хийхээ иргэд төрд мэдэгдэх нь буруу гэх байр суурийг хамгаалсан бол Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар ангийн оюутан Б.Хонгорзул, Б.Ариунзаяа нарын “Дайралцаан” баг сөрөг хүчин болж энэхүү “буруу” гэсэн шийдлийг няцааж мэтгэлцэв. Өөр өөрсдийн үзэл санаа, үндэслэл, нотолгоог жишээ баримт, олон улсын чиг хандлага, шинжлэх ухааны судалгаатайгаар баталсан ширүүн мэтгэлцээнд Засгийн газрыг төлөөлсөн “Монад” баг ялж, Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний аварга боллоо.
Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээний шагналыг Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын анхны болон хоёр дахь тэргүүн Б.Пүрэвсүрэн, С.Жаргалсайхан тэргүүтэй парламентын мэтгэлцээний үе үеийн аваргууд, шүүгчид гардуулав. Тэмцээнийг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус тэмцээн өрнөж, Үндсэн хуульт ёсны тухай өргөн хүрээний сэдвийг хөндсөнөөрөө онцлог болсныг дурдаад, тэмцээнд оролцохын тулд оюутан залуус их зүйлийг судалж, сурч, мэдснийг дурдав. Үүний зэрэгцээ өөрсдийн болон өрөөлийн нотолгоог харьцуулан дүгнэх, шүүн тунгаах, олон талаар эргэцүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээнд суралцах боломжтой байдгийг чухалчлан өгүүлсэн юм. Тэрбээр, парламентын мэтгэлцээний төрөл зүйл, дэг соёлыг цаашид улам хөгжүүлэх, англи хэлээрх мэтгэлцээнийг өрнүүлж үндэсний багуудаа олон улсын тэмцээнд бэлтгэн, дэлхийн дэвжээнд өрсөлдөх цаг болсныг дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ

Огноо:

,

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.

Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.

Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.

Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох