Шударга мэдээ
Ирэх онд сургууль орчмын бүсийн 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ
Энэ онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс 379 буюу талаас дээш хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ. Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг хугацааг нь өглөө 07:00-08:00, орой 17:00-20:00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм.
Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн 2, 11, 48, 50 дугаар сургуулийн явган хүний гарцанд лед гэрэл хийгээд байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирсан зэрэг эерэг үр дүн гарч эхэлсэн. Тиймээс уг ажлыг ирэх онд ч мөн үргэлжлүүлэхээр төлөвлөж, нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд тусгаад байна” хэмээлээ.
Ирэх онд нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 гаруй байршилд явган хүний гарцанд лед гэрэл хийхээр төлөвлөөд байгаа юм.
Шударга мэдээ
АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.
Төрийн өмчит компанид учруулсан их хэмжээний хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлэхийг Ажлын хэсгээс онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 3,4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Үүний 2,8 тэрбум төгрөгийг нь “Цемент шохой” ХХК-ийн дансанд төвлөрүүллээ.
Мөрдөгчдийн ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбогдуулан хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.
Шударга мэдээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэгт холбогдож, саатуулагдах, шалгагдах, ял шийтгэл эдлэх тохиолдол нэмэгдэж байна. Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, таагүй үр дагавар дагуулдаг.
Хулгай, дээрэм хийх, бусдын эд хөрөнгөд халдах, биеэ үнэлэх, биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг үйлдэл нь БНХАУ-ын Эрүүгийн хуулиар хорих ял авах, албадан нутаг буцаах, хилээр нэвтрэх эрх нь хязгаарлагдах зэрэг ял шийтгүүлэх ноцтой үр дагавартай байдаг.
Иймд богино хугацаанд хялбар аргаар ашиг олохыг амлаж байгаа хувь хүн, сүлжээ, зохион байгуулалттай бүлэглэлтэй холбогдохоос зайлсхийж, аливаа этгээдээс тавьсан “ажилд оруулж өгнө”, “богино хугацаанд их орлого олох боломж байна” гэх мэт саналд хууртахгүй байхыг зөвлөж байна. Хэн нэг нь Танд “хариуцлага хүлээхгүй” гэж ухуулсан ч хууль зөрчсөн тохиолдолд эрх зүйн хариуцлагаас зайлсхийх боломжгүй болохыг сануулж байна.
Иймээс Монгол Улсын иргэн Та БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжлон өөрийн аюулгүй байдал болон эх орныхоо нэр хүндийг эрхэмлэн, хариуцлагатай, хууль дээдэлсэн иргэний байр суурьтай байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Шударга мэдээ
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцно
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
-
Цаг үе2020/11/05
Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо
-
Цаг үе2022/12/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2025/06/23
Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг...
-
Шударга мэдээ2019/12/09
Айлуудын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засварлаж ба...
