Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ө.Цогт-Эрдэнэ: “Алтан төлийн эзэн” шагналыг төл малаа сайн бойжуулсан малчинд олгоно

Огноо:

,

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг Сар шинийн босгон дээр  47 дахь жилдээ шалгаруулан олгоно. Энэ шагналын талаар  МҮОНРТ-ийн Хөдөө аж ахуйн тоймч Ө.Цогт-Эрдэнэтэй ярилцлаа.  

-“Алтан төлийн эзэн шагналыг хэзээнээс олгож эхэлсэн юм бэ. Энэ шагналын шалгаруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-"Алтан төлийн эзэн" шагнал 1978 оны Шороон морин жилийн Хаврын тэргүүн сард  эхэлсэн түүхтэй. Энэ жил 47 дахь жилдээ олгож байгаа шагнал. “Алтан төлийн эзэн” шагналыг төл малаа сайн бойжуулсан малчинд олгодог. Нэг үгээр хэлбэл, төлчний шагнал юм. Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр төлөө хэрхэн сайн бойжуулсан бэ гэдгийг харгалзан үзнэ. Зудтай хэцүү цаг үед төлөө сайн авчихсан, онцгой сайн малчид байдаг. Зөвхөн малын тоо харж, олон малтай айлд өгдөг шагнал биш.

-Малчны тодорхойлолт материалыг хэдэн хүртэл авах вэ?

-Бид удирдамжаа зарласан байгаа. Материалаа 2025 оны хоёрдугаар сарын 10 хүртэл хүлээж авна. “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын гол болзол нь сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан үзүүлэлтээс гадна, сүргийн чанар бүтэц, үүлдэр угсааг нь сайжруулсан байдлыг хардаг. Сум орон нутагтаа шинэ залуу малчин бэлтгэх, залуу малчныг ажлын байраар хангахад хэр хувь нэмэр оруулж, нийгмийн идэвх санаачилга гарган ажилласныг хардаг.

Мөн мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлж байна вэ гэдэг нь бас нэг үзүүлэлт. Малчин өрхийн гишүүн бүр Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалд хамрагдсан байх хэрэгтэй. Түүнчлэн татвар, даатгал, сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл,  хамтын ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байгаа гэдгийг нь харж байгаа. Одоо хоршоо, хамтын ажиллагааг төр засаг дэмжиж, малчдаас хоршиж ажил үйлсээ хамтын хүчээр бүтээхийн төлөө ажиллах болсон. Эдгээр үзүүлэлтийг авч үзнэ дээ…

-Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Сум болгонд хөдөө аж ахуйн тасаг гэж байдаг. Хуучин бол Мал эмнэлгийн үржлийн тасаг шүү дээ. Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, багийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын тодорхойлолтоос эхлээд цөөнгүй материал бүрдүүлнэ.

Бид нэг аймгаас 10-аас доошгүй материал явуул гэдэг шаардлага тавьж байгаа

-Эхлээд аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандаж, материалаа бүрдүүлэх эсэхээ шийдэх юм уу?

-Эхлээд тухайн багийн Засаг дарга шийднэ. Сумын хөдөө аж ахуйн тасаг дэмжинэ. Одоо малчин болгоно А данстай. А данс нь цахимжсан байгаа. Хэдэн малтай, хэдэн төл авсан, хэдийг нь зарсан. Сүүлийн жилийн өсөлт ямар байна. Мөн бэлчээр зохион байгуулалт, бэлчээрийн менежментийг хэрхэн сайн хийж байгаа гэдгийг ч тусгаж болно. Ингээд мэдээллээ харьяа аймгийнхаа Хүнс хөдөө ахуйн газарт явуулна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга "Улсын аварга малчин" шалгаруулж явуулдгийн адил сумдаас хэдэн  малчны материал явуулах вэ гэдгээ шийднэ. Бид нэг аймгаас 10-аас доошгүй материал явуул гэдэг шаардлага тавьж байгаа. Тухайлбал, Төв аймаг 27 сумтай. Бид 27 материал авахгүй. Шигшээд тухайн аймгаас 10 хүртэл материал явуул гэсэн. 

“Алтан төлийн эзэн” шагналыг зохион байгуулах комисс буюу ажлын хэсэг батлагдсан. Тухайн ажлын хэсэг материалыг хүлээн авч хэлэлцэж, шалгаруулдаг. Шалгаруулалт хийхдээ зөвхөн ирсэн материалаа харж шалгаруулахгүй. Малчдын мэдээллийг нягталж хянаж байж олгоно. Өөрөө аймгийн төвд оршин суудаг. Олон малчнаар малаа маллуулдаг төлийн тоо хэмжээ болон бусад үзүүлэлтээ хангачихсан малчны тодорхойлолт олон ирдэг. Тухайн хүнийг бид малчин гэж үзэх үү, үгүй юу гэдгээ судална.

-Шалгаруулах комисс байгуулагдсан гэж байна. Салбарын яамнаас хүмүүс байдаг уу? 

-Энэ шагналыг 1978 онд анх бий болж байхад Нэгдэлчдийн дээд зөвлөлтэй хамтарч олгож эхэлсэн түүхтэй юм билээ. Бид энэ уламжлалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажилладаг. Яамнаас шалгаруулалтын ажлын хэсэгт хоёр хүн оролцдог. Тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар энэ шагналтай байнга хамтарч ирсэн. Энэ жил ч гэсэн уламжлалаараа хамтарч ажиллана. ХХААХҮЯ хамтарч ажиллаж байна гэдэг нь Засгийн газартай хамтарч олгож байгаа шагнал гэсэн үг.

-Энэ шагналыг жилд хэдэн малчинд олгодог вэ?

-2007 он хүртэл улсын хэмжээнд төрөл тус бүр дээр нэг нэг, өөрөөр хэлбэл, тавхан ширхэгийг л өгдөг байсан. 200 мянган малчин өрхөд ийм тоо харьцангуй цөөн байгаа биз дээ. Ингээд тухайн үеэс тоог нэмэгдүүлсэн. Гэхдээ тоог нэмэгдүүлэхдээ олон биш 20-30 ширхэгт барьж байсан. "Улсын аварга малчин" шагналыг 60-70 малчинд өгдөг байсан. Одоо бол 120 гаруй малчинд өгч байгаа. Улсын аварга малчны шагналыг 100 гаргачихаар манай шагнал цөөхөн байгаад байхаар бас өрөөсгөл. Монголын радиогийн 90 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ ойтойгоо уялдуулж, улсын хэмжээнд 90 ширхэг шагнал өгсөн. Энэ жил ч гэсэн мөн тийм хэмжээний малчныг шалгаруулан олгоно гэсэн төсөв төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Шагналыг хэзээ гардуулах вэ? 

-Энэ жил цас, зуд харьцангуй гайгүй байна. Сар шинийн босгон дээр өгдөг уламжлалтай шагнал учраас Цагаан сарын өмнө олгох товтой байгаа. Энэ шагналд өрсөлдөгч их болжээ. Сүүлийн үед 300-400 малчны тодорхойлолт материал ирдэг болчихсон. Аймгийн Хөдөө аж ахуйн газруудад албан тоот, чиглэл өгч ажилладаг. Гэхдээ сумдаас материал шууд хүрээд ирдэг. Тоо хэмжээ олон болчихдог. Бидэнд ажлын ачаалал нэмэгддэг. Тэр олон материалаас 90 ширхэгийг л шалгаруулна гэдэг амаргүй ажил. Иймээс Аймгийн хөдөө аж ахуйн газрууд сумдад чиглэл өгч хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

"Улсын аварга малчин" -д “Алтан төлийн эзэн” шагналыг олгохгүй

-Зарим аймаг зудтай байна. Эдгээр аймаг, сумдаас материал ирэх нь бага байна уу?

-Өнгөрсөн өвөл, хавар Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Завхан, Булган, Төв аймагт зуд нүүрлэж, ихээхэн хохирол амссан. Тэгэхээр төл малын хувь хэмжээ ч маш доогуур үзүүлэлттэй байгаа. 2024 оны хаврын төлийн үзүүлэлт л чухал шүү дээ. Тухайлбал, Сүхбаатар аймгаас л гэхэд 300-400 толгой унага бойжуулсан гэх тодорхойлолт ирдэг байсан. Энэ удаа харьцангуй бага байна. Зудад нэлээд нэрвэгдсэн хүнд хэцүү байсан газруудаас малчдын шагналын материал маш бага ирж таарна.

Энэ жил бас Монгол орон даяар өнтэй сайхан байгаа юм биш. Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Увс, Завхан зэрэг аймагт цагийн байдал хүндхэн сум, орон нутаг цөөнгүй байгаа. Тухайн бүсэд өнгөрсөн хавар төлөө сайн авчихсан айл өрхүүд бий. Зудтай газраас тодорхойлолт ирүүлж, малчид шалгаруулалт хангаад шагнал өглөө гэж бодоход заавал Сар шинийн өмнө өгнө гэж айл өрхийг хүндрүүлэхгүй. Сар шинийн дараа өгсөн ч болно.

-Нэг аймгаас хэдэн ч “Алтан төлийн эзэн тодрох боломжтой юу? 

-Шагналын тоо цөөн учраас хүртээмжтэй байдлаар зохицуулах тал бий. Төв аймаг л гэхэд 27 сумтай, Хөвсгөл, Завхан 24 сумтай. Тэгэхээр сумынхаа тоогоор материал ирүүлээд байж болохгүй. Аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар нь шийднэ. Ерөнхийдөө малч, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж байгаа малчдыг л шалгаруулж олгоно доо. Харин "Улсын аварга малчин" болчихсон малчин өрхөд энэ шагналыг олгохгүй.

-Яагаад?

-“Алтан төлийн эзэн” босго шагнал юм. "Алтан төлийн эзэн" болчихвол "Улсын аварга малчин" болох үүд хаалга нээгдэж байгаа. "Улсын аварга малчин", "Хошой аварга", "Гавьяат малчин", "Хөдөлмөрийн баатар" гээд өндөр дээд алдар цол хүртсэн малчид манай Алтан төлийн эздийн дунд олон бий дээ... Тухайлбал, Өнмөговь аймгийн Ханбогд сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин, Хөдөлмөрийн баатар,  Гавъяат малчин Я.Нямдорж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин Тойвгоо, Сугар-Очир гээд дурдаад байвал манай “Алтан төлийн эзэн” шагналтнууд дундаас төрсөн гавьяат, баатрууд олон байдагт бид бүхэн бахархаж явдаг даа... Ийм л бахархалт урам зоригоор малчин бүрийн хотноос “Таван эрдэнэ” нэвтрүүлгээ дуугаргах юмсан гэж хичээдэг юм. 

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох