Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм.
Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн чансаа дээгүүр тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан.
Бүх өрсөлдөгчөө ялж, монгол хүний тэсвэр хатуужил, ид хавыг гайхуулан, бэрхшээлийг давж, зорьсондоо хүрч чаддагийг харуулсан тамирчдад Ерөнхийлөгч баяр хүргэж, спортын улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Э.Цэндбаатар энэ удаа ялснаар тавдугаар сард Лос Анжелес хотноо болох Дэлхийн аваргад өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээнд оролцох болзлоо хангаад байна.
Тэр бээр, багаараа АНУ-д бэлтгэлээ базааж, дүү тамирчдаа дэмжин, зөвөөр үлгэрлэж, эх орондоо мэргэжлийн боксыг хөгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр тэмцээн зохион байгуулбал хүүхэд, залуус боксоор хичээллэж, амжилт гарган, эх орныхоо нэрийг дэлхийд дуурьсгах бүрэн боломжтой гэж үздэгээ илэрхийлж, дэмжлэг хүслээ.
Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний бүх тасалбар зарагдаж, шууд дамжуулалтыг нь 150 гаруй мянган хүн үзсэн байна.
Улстөр нийгэм
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.
Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:
- 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
- 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
- 2006-2009 онд FM-104 радиод захирал,
- 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
- 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
- 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
- 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.
Улстөр нийгэм
Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-нд Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа.
Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө.
Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.
Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна.
Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна.
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.