Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.
2025 оны хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай газраар 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 13-15 хэм хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 17-22 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Цаг үе
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна. Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.
Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал:
-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.
-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх
-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах
-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах
-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.
-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.
Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Цаг үе
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Засгийн газрын тэргүүн Н.Учрал эдийн засгийн сорилттой цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх, төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг тэлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө. Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс Ерөнхий сайдын дээрх санаачилгыг бүрэн дэмжиж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөллөө. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид цахим системд мэдэгдэл илгээн үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой боллоо.
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг улсын хамгаалалтад шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар Соёлын өвийн эсрэг 7 төрлийн гэмт хэрэг байгаагаас Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс I улирлын байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн соёлын өвийн эсрэг хэргүүдийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:
- Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, бурхны толгой, очир зэрэг соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг олж авч, завшсан Н, М, С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх), 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н, М, С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5,4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад худалдсан Ш-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ш-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон дээрх судруудыг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Түрэгийн үед хамаарах дөрөө, амгаа, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг хууль бусаар олж авч хувьдаа завшсан, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан иргэн Н-д Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 8,1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дундговь аймгийн прокурорын газраас:
- БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлсэн байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох, харьяалах аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, алдагдаж, үрэгдсэн тохиолдолд мэдэгдэх, хилээр гаргахад зөвшөөрөл авах, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй.
Гэвч иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулах зэргээр гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч байгаа тул соёлын биет өвтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судлахыг та бүхэнд анхааруулж байна.
-
Цаг үе2025/11/20
Зэрлэг амьтдад зориулан био техникийн арга хэмжээ авч байна
-
Цаг үе2025/09/26
Албани улс авлигын эсрэг хиймэл оюунаар бүтээсэн сайдтай болов
-
Цаг үе2022/05/26
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ
-
Улстөр нийгэм2025/08/28
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа
