Цаг үе
Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өлзий бэлгэт энэ өдөр Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдэд эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг заллаа.
Монголчууд оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Эзэн Богд Чингис хаан, монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм хийдийг алба татвараас чөлөөлж байсан түүхтэй.
Бодь сэтгэл, билиг ухааныг эрхэмлэдэг бурхны шашин нь монгол хүнтэй 2,000 гаруй жилийн өмнөөс ижилдэж, монголчуудын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, зан заншил, өв соёлын хөрсөнд гүнзгий нутагшин идээшсэн, хүн төрөлхтний соёл сэтгэлгээний бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэрэн нигүүлсэхүйг номлон сургадаг бурхны шашны мэдлэг ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, судлан сурахад монголчууд тодорхой хувь нэмэр оруулсны бодит илрэл нь монголын онцлог бүхий бурхны шашныг хөгжүүлсэн явдал мөн болохыг судлаачид тэмдэглэдэг.
Иймээс “эв нэгдлийг хангах, бэхжүүлэх, оюун санааг ариусгах, гэгээрүүлэх, соёл уламжлалыг хадгалах, дамжуулах, ёс суртахуун, хүмүүжлийг төлөвшүүлэхэд Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийд манлайлан ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар илэрхийллээ.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
-
Цаг үе2023/04/04
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2024/06/19
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа
-
Улстөр нийгэм2022/09/27
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
-
Цаг үе2021/03/17
Ухаалаг гар утсаа Скайтелаас аваад 90GB хүртэлх дататай болоорой


