Цаг үе
Музейн нээлттэй өдрүүд гуравдугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ

Монголчууд Чингис хаан Үндэсний музейг зорин ирж, Их хааны өргөө дэх Эзэн Богд Чингис хааны хөшөө, Хааны Хасбуу Алтан тамга, Их шүтээн Цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж байна. Музей нь хүүхэд багачуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ түүх, урлаг, шинжлэх ухаан, соёлын ертөнцтэй танилцах өргөн боломжийг олгодог төдийгүй музейн орчин нь хүүхдийн харааны болон хүрэлцэх мэдрэмжид хүрч ой санамжийг нь сайжруулдаг.
Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй музейн нээлттэй өдрүүд арга хэмжээ энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 19-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "E-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.
Иргэн та гуравдугаар сарын 19-нд 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байна.
Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил 95 хувьтай үргэлжилж байна. Мөн шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн тул ажлын явц 100 хувьтай дуусжээ. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм.
Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдаж болно
Улаанбурханы нөхцөл байдалтай холбогдуулаад Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулах үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 8.30-16.30 цагуудад хийгдэж байгаа аж. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг уриаллаа.
-
Үзэл бодол2023/12/06
П.Сайнзориг: Нийслэлийн ирэх жилийн төсөв дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чигл...
-
Урлаг спорт2021/08/03
“Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэнэ
-
Улстөр нийгэм2023/05/18
БСШУСБХ: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
-
Цаг үе2024/11/04
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?