Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг  оролцжээ.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Уянгахишиг нар тус тус танилцуулсан.

Байнгын хороодын санал, дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дурджээ.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Э.Бат-Амгалан, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг, Г.Очирбат, Ц.Баатархүү нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүдийн хийсэн ажлын тайлан хэмээх өнгөтэй, өртөг өндөртэй хэвлэмэл материалуудыг олноор тараах байдал хэтэрсэн учраас зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байх. Гэхдээ  гишүүдийн иргэд, сонгогчдодоо сүүлийн зургаан сар хийсэн ажлаа тайлагнах эрхийг нь хааж, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт ажлаа тайлагнах боломжийг олгосноор ялгамжтай байдлыг бий болгож байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ямар учраас ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүний иргэд, сонгогчидтой уулзах, тайлангаа тавих боломжийг хаах гээд байгаа юм бол гишүүд ард түмний саналыг авч сонгогдчихоод тайлангаа ч тавихгүй, уулзахгүй алга болдог байдлыг өөгшүүлсэн хууль болох вий гэсэн саналтай байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонгуулийн жил тайлан тавьж байгаа хүн бүр дараагийн сонгуульд өрсөлдөх биш, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулаад улс төрөөс холдох гэж буй хүмүүсийн боломжийг хаасан, нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хязгаарлаж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд цэцийн дүгнэлтэд дурдсан асуудал нь тараах материалын тухай хөндөж байгаагаас биш сонгогчидтой уулзахыг хориглоогүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүхэлд нь гуйвуулж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны тараах материал гэж юуг хэлэх юм гэдгээс эхлээд зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байна гэсэн  бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн,3.5 жилийн хугацаанд сонгогчид гишүүнээ хэдийнэ дүгнэсэн, таньсан байх тул үнэтэй, өнгөтэй зардал ихтэй сэтгүүл тараах нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсны дараа ажлын хэсэг гаргаад Улсын Их Хурлын гишүүдийн тайланг цахимаар эсвэл тараах асуудлыг тодорхой  болгох, орон нутагт буй төрийн албыг гишүүд сонгуулийн сурталчилгаандаа татан оролцуулахгүй байх, төрийн өндөр дээд албанд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд  өөрийн нэртэй гарын бэлэг өгөхийг хориглох нь чухал гэж байлаа.

Ингээд Байнгын хороодын саналаар хуулийн хэсэг, заалт бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох