Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заасныг тодорхой дурдав. Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар танилцууллаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Антре (“Онтрэ”) ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 03-нд олгосон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.

Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд 2004 онд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр Онтрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0 болон 30.0 хувь, 560 метрээс доош бол 80.0 болон 20.0 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ Туркойз хилл ресурс компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Оюутолгой ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн Онтре гоулд компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг Оюутолгой ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргаад байгаа юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн (2025.04.09) хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” шаардлагыг хангуулах нь чухал байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэлдээ онцлов.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах байр суурьтай байгаа эсэх, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан эсэх асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл “Онтре” ХХК-ийн лицензүүдийг Оюутолгой ХХК-д шилжүүлэхгүйгээр шинээр гэрээ байгуулж болох эсэхийг асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мөн энэ асуултыг тавьсан юм. Тэрбээр Оюутолгой төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын нууц тайланд Монгол Улс 2034 оноос бүү хэл хэзээ ч ноогдол ашиг авахгүйг дурдсан тухай мэдээлээд, “Онтре” ХХК-ийн 34.0 хувийг эзэмшиж, Үндэсний баялгийн санд шилжүүлэх талаар Засгийн газраас ямар алхам хийж байгааг асууж тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хилийн заагийг тогтоосон нь маргаан дагуулах эсэх, Оюутолгой ХХК-аас ашиг авч чадахгүй байгаа хэрнээ нэмж “Онтре” ХХК-ийн лизензийг шилжүүлэх нь зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хэлэлцэж буй асуудлыг Засгийн газар мэдэж байсан эсэх, хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгосон шийдвэрт Засгийн газар яагаад хяналт тавиагүй талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Оюутолгой төслийн гэрээ байгуулагдаж байх үед энэ асуудлыг нууцалсан эсэх, эдгээр лицензийн асуудлыг шийдвэрлэхдээ Оюутолгойн гэрээ шиг зүйл болгохгүй байх зэрэг асуудлыг хөндөж асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Онтре” ХХК-ийн лизензүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох үүднээс Оюутолгой ХХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар энэ асуудлаар Засгийн газар олон улсын хөндлөнгийн бие даасан шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэх, ашгийн дийлэнхийг Монголын ард түмэн эзэмших талаарх Үндсэн хуулийн заалтыг хэрхэн хангах, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд гэрээ байгуулж байх үед Оюутолгойн нөөц тогтоогдсон байсан эсэх, лицензүүдээр ямар эрх олгогдож байгаа болон Онтре ХХК-тай байгуулах гэрээнд Монголын тал санхүүгийн хариуцлага хүлээхгүй талаар тодорхой тусгах эсэхийг асуув. Тэрбээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Онтре ХХК-ийн эзэмшиж байгаа талбайнууд хамаарахгүй биз дээ гэсэн тов тодорхой асуулт тавихад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хамаарахгүй гэсэн хариулт өгөв. Засгийн газар Онтре ХХК-ийн лицензүүдийн асуудлаар шинээр сайн гэрээ байгуулж алдаагаа засах алтан боломж олдож байна хэмээн Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж Онтре ХХК-ийн лицензтэй талбайн хил тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, Оюутолгой ХХК болон Рио Тинто компаниуд энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрэх бөгөөд ингэснээр Монгол Улсын өгөөж хүртэх хугацаа улам хойшилно гэсэн асуудал тавьж байгааг мэдээлэв. Засгийн газар стратегийн ордуудын хил хязгаар бүрэн тогтож дууссан гэдгийг тэрбээр хэлж, Оюутолгойн бүлэг ордод Онтре ХХК-ийн лицензтэй талбайг хамааруулсны дагуу тус компанийн 34.0 хувийг тогтоох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал хариуцан ажиллаж байгааг танилцууллаа. Гэхдээ үүнийг бие даан шийдэрлэх эрх Засгийн газарт байхгүй тул Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ гэсэн юм.

Мөн Оюутолгой ХХК болон Онтре ХХК-ийн лизензтэй талбайнуудад байгаа хүдрийн биет нь нэг цул бөгөөд доороос нь блоклон унагах технологиор олборлож буй тул хүдэр лицензийн хил хязгаараар зааглагдахгүй бүтнээрээ унана гэсэн тайлбарыг сайд нарийвчлан хийж, Жавхлант орд бол Хойд Хьюго ордын, Шивээ толгой орд Херуга ордын үргэлжлэл учир салгаж ойлгох боломжгүй гэлээ. Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд АМГТГ шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниудын харилцсан 80, 20 хувь гэх харьцааны тухайд Оюутолгой ХХК-д ноогдох 80.0 хувийн 34.0 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ, харин Онтре ХХК-д оногдох 20.0 хувийг 34.0 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулах уу гэдгийг Улсын Их Хурал шийдвэрлэснээр Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай гэлээ. Мөн Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд тухайн үед нэгэн зэрэг шахам хайгуулын лицензүүдээ авсан талаар Ц.Туваан сайд дурдаж, улмаар ашиглалтын лиценз болгосон зэрэг үйл явц тухай тухайн үеийнхээ хууль, журмын дагуу явагдсан гэдгийг тайлбарласан юм.

Хэлэлцэж буй асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариулт өгсний дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга: Рио Тинто компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдагдсан учраас Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд тус гэрээнд хамрагдана гэж үзэж байгаа юм байна. Тэгээд Улсын Их Хурлаар оруулахгүй байх байр сууриа илэрхийлсэн боловч манай Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоосноор энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлэхээр болсон байна. Тэр үед асуудлыг тодорхой ярилцах боломж бүрдэнэ гэж бодож байна. Нэг зүйлийг хэрэг болгож хэлэхэд, олон улсын арбитр дээр очиж, шийдэрлэгдэж байгаа манай улстай холбоотой бүхий л хэргүүд уул уурхайн төслүүдтэй холбоотой байгаа юм. Энэ бол маш харамсалтай зүйл. Тэгэхээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Ашигт малтмалын тухай хуулиа яаж сайжруулах шаардлагатай. Үүн дээр салбарын яам идэвхтэй ажиллана байх гэж найдаж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Замира: Стратегийн ач холбогдол бүхий ордын 34.0 хувийг эзэмших асуудлаа шийдэхээс бусдаар аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудалд улс оролцох ёсгүй. Үлдсэн 66 хувиа 80, 20-оор хуваана уу, яаж шийднэ тэдний дотоод асуудал байх учиртай. Үүнийг тодорхой хуульчилж, цэгцэлж авах нь зүйтэй.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан: Бид өмнө нь алдаа хийж байсан, дахин давтах вий. Өнөөдөр гэхэд л Уул уурхайн биржийн тухай хуулиа дахин засаад сууж байна. Тухайн үед одоо 40 их наядын луйвар гарлаа, нүүрсний хулгайчдыг бөөн бөөнөөр нь баривчиллаа, мундаг хууль гарлаа гээд л явсан. Монгол, Францын хамтарсан ураны гэрээг бас магтаж, Засгийн газар урагшаа том алхлаа гэсэн. Одоо энэ Оюутолгойгоос том ордынхоо хувийг АМНАТТ-өөр орлууллаа, барилаа гээд бүрээ бөмбөр нүдээд давхичих вий дээ. Юмыг сайн шалгаж, ул суурьтай нягталмаар байна. Энэ Онтре ХХК-гийн асуудлыг Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй хамтруулан шалгах ажлын хэсэг байгуулъя гэсэн санал оруулж байна. Тэгэхгүй бол энэ гэрээг зүгээр нэг пи ар болгоод явчих вий гэсэн айдас байна. Эдийн засгийн байдал хүндрэхээр, эсвэл улс төрийн нөхцөл байдал хүндрэхээр нэг томхон юмыг оруулж ирээд гялалзтал аваад явдаг, түүнийгээ улс орны хэмжээний гайхамшигтай ажил сурталчилдаг явдлаас айж, болгоомжилж байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн: Байнгын хорооноос энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргах ёстой гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг анх Монгол газар ХХК-д олгосон нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Шивээ толгой, Жавхлант гэх нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон шийдвэр Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө гарсан уу, хойно гарсан уу гэдгийг тодруулж, мөн хуулийн дагуу шийдэгдсэн эсэхийг нягтлах, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүртэлх найман жилийн хугацаанд Онтре ХХК хайгуул хийсэн эсэхийг хянах шаардлагатай. Тухайн хоёр аж ахуйн нэгж хоорондоо “Ашиг хуваах гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн үү гэдгийг нягтлах шаардлага мөн байна. Оюутолгой ХХК зэргэлдээ байгаа компанийхаа лицензийг түүгээрээ тохиролцож шилжүүлж аваад өмнө байгулсан гэрээнийхээ үйлчлэлд дур мэдэ хамруулчихаж болох юм уу? Тусгай зөвшөөрөл, лицензийнхээ асуудлыг Монголын төр мэдэх юм уу, үгүй юм уу? Бусад стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордуудын эргэн тойронд ийм зөрчлүүд байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, олон нийтийн мэдэх эрхийг хангамаар байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат: Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангаж байгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамт олон, бодлогын асуудлыг танилцуулж байгаа Ц.Туваан сайдад талархал илэрхийлье. Уул уурхайн салбарыг ойлгохгүй, уурхайчид яаж ажилладаг, олборлолт хэрхэн явагддагийг мэдэхгүй хэрнээ улс төржих нь хортой. Энэ асуудалд Монгол Улсынхаа эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой шүү гэдгийг салбарын яам, мэргэжилтнүүддээ захья. Монгол Улс хуулийн дагуу Онтре ХХК-ийн лицензийн 100 хувиас 34 хувиа авна. Нэг бол өсөн нэмэгдэх АМНАТТ-өөр орлуулж, шууд татвар, төлбөрөө авна гэсэн байр суурь дээр хатуу байх ёстой. Улс төрийн сэдэв болгож болохгүй.

Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга: Оюутолгой гэрээ байгуулагдаж байх үед Онтре ХХК тухайн лицензийн талбай дээрээ хайгуул хийгээгүй байсан гэж танилцуулж байна. Тэгэхээр Онтре ХХК ямар ч зардал гаргахгүй байж байгаад баялгийн 20.0 хувийн ашгийг авах хэлцэл явсан байна. Үүнийг нэлээн нарийн авч үзэж, бүх асуудлыг цоо шинээр, 100 хувиар эдгээр лиценз дээр эхлүүлэх боломж байна гэж харж байна. Энэ нөхцөл байдлыг нарийн дүгнэж, Засгийн газар ухаанаа уралдуулж ажиллаасай гэж хүсэж байна.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал: Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ цаг хугацаанд Монголын тал цаг алдалгүй хувь хэмжээг хэрхэх вэ гэдгээ ойлгомжтой болгох ёстой. Монголын тал асуудлаа шийдсэнээр оролцогч бүх талуудын олон жил ужгирч, эрсдэлд тооцогдож байсан асуудлууд нэг мөсөн шийдэгдээд явах боломж бүрдэх юм. Тийм учраас бид асуудлаа шийдчихвэл гурван талын харилцаа маш ойлгомжтой болоод, цааш харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломж нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульдаа нийцүүлэн иж бүрнээр шийдчихмээр байна. Оюутолгой ХХК-ийн татварын маргааныг ч мөн цогцоор нь шийдээд урагшилмаар байна. Энэ татварын маргаанаар бид 1.3 их наяд төгрөгийн татварын алданги ноогдуулсан. Гэтэл жилийн өмнө Оюутолгой ХХК Сингапурын Монгол Улсад давхар татварын гэрээтэй компани руу бүх өр төлбөрийн зүйлээ шилжүүлсэн байгаа юм. Тус компани давхар татварын гэрээтэй учраас бид дахиад татварын маргаан гаргах боломжгүй болж, хаагдах эрсдэл дагуулж байгаа юм. Энэ алдааг бид давтаж болохгүй. Тэгэхээр Оюутолгойтой холбоотой бүх асуудлуудыг Засгийн газар цогцоор нь Улсын Их Хуралд оруулж ирэх нь зүйтэй. Онтре ХХК-ийн хоёр лицензийн талаар Засгийн газр Үндсэн хуулийн 6.2 болон Ашигт малтмалын хуулийн 5.3, 5.5-д заасны дагуу шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм байна гэж ойлголоо.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар: Онтре Гоулд компанийн асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Оюутолгой ХХК 80.0 хувийг нь Хөрөнгө оруулалтын гэрээндээ хамруулна гэж удаа дараа мэдэгдээд байхад салбарын яам дуугүй байна. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ асуудал төрийн нууцад авагдаагүй учир нээлттэй ярих ёстой. Жишээ нь, ордыг ашиглах 2010 оны ТЭЗҮ-ийн нэгдүгээр бүлгийн 106 дугаар хуудсанд, Монголын тал 34.0 хувьдаа ямар ч санхүүгийн хариуцлага үүрэхгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгийг албан ёсоор бичсэн байгаа шүү. Яамныхан түүнийг нарийвчилж хараарай. Түүнчлэн бие даасан, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж, тэр дүгнэлтээ тойрч ярилцах шаардлагатай. Одоо хэдүүлээ туршлагатай болсон, Монголынхоо талд нааштай шийдвэр гаргана аа гэж би итгэж байна.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Онтре ХХК-ийн эзэмшиж буй лицензүүдийн талаарх уг асуудлыг хянан шалгах Байнгын ажлын хэсэг байгуулах тухай Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн саналыг хэлэлцсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга горимын санал гаргаж, зөвхөн Онтре ХХК-ийн лицензүүдийг бус ийм байдлаар хэсэгчлэн хувааж хуваарилсан бүх тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай тул хойшлуулж, иж бүрнээс авч хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Түүний горимын саналыг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан саналаа татлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ өссөнтэй холбогдуулан 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” худалдааны төвд ажиллалаа. Үүний дараа тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, улс оронд хулгай, дээрэм хэрээс хэтэрч, төсөл, тендерээс гадна иргэдийн амьжиргаа, хүнсний хэрэглээнд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж шүүмжиллээ.

Тэрбээр “Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа. Үхрийн мах 40 мянган төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй. Өнгөрсөн жил 8000 орчим тонн мах нөөцөлсөн бол энэ жил 5000 орчим тонныг нөөцөлсөн. Есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийж, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлсэн. Нөөцийн махыг 386 цэгээр борлуулж байгаа” гэв.

Гэвч Ерөнхий сайдын хэлснээр, шалгалтаар зарим борлуулалтын цэгт нөөцийн мах огт ирээгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн гэх мэдээллийг дурдав.

Н.Учрал “Энэ мах хааччихав аа. Одоо бүр иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болжээ” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, Туулын хурдны замын төслийн асуудлыг эцэслэх шаардлагатайг онцолж, уг төслийн ард ашиг сонирхол үүссэн эсэхийг шалгах ёстой гэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна” гэж мэдэгдэв.

Мөн нийслэлд хэрэгжиж буй бүх төсөл, тендер, үйл ажиллагааг шалгах зорилгоор тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулах ажээ.

Гэвч Ерөнхий сайдын хэлснээр, шалгалтаар зарим борлуулалтын цэгт нөөцийн мах огт ирээгүй нөхцөл байдал илэрчээ. Мөн нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн гэх мэдээллийг дурдав.

Н.Учрал “Энэ мах хааччихав аа. Одоо бүр иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болжээ” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр, Туулын хурдны замын төслийн асуудлыг эцэслэх шаардлагатайг онцолж, уг төслийн ард ашиг сонирхол үүссэн эсэхийг шалгах ёстой гэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна” гэж мэдэгдэв.

Мөн нийслэлд хэрэгжиж буй бүх төсөл, тендер, үйл ажиллагааг шалгах зорилгоор тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулах ажээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Чойр-Замын үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын   2024-2028-ны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжил болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Чойр-Замын Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ (2026.05.17) боллоо.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөө”, мөн бүс нутгийн болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд Чойр, Замын-Үүд чиглэлийн 435.3 км урттай хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаартай тогтоолоор Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн 2 эгнээ хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингээд Зам, тээврийн яамнаас 2 үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарч, өнөөдрөөс барилгын ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Чойр-Замын-Үүд чиглэлийн хүнд даацын авто замын төсөл өнөөдөр ийнхүү эхэлснээр Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт нэгдэх, Монгол Улсыг бүс нутгийн тээвэр, логистикийн гол зангилаа болгон хөгжүүлэх урт хугацааны зорилт хэрэгжих үндэс болж байгааг дуулгахад таатай байна. Товчоор хэлбэл, бид Азийн замын эхлэлийг тавьж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсад хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих дэд бүтцийн шинэ жишиг төсөл болох боломжтой гэж үзэж байна. Учир нь улсын төсвөөс 500 сая ам.долларын хөрөнгө гаргаж барих нь өрийн дарамт нэмэгдүүлэх, өндөр хүүтэй зээл авах шаардлага үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин энэхүү төсөл нь дээрх эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлж, төрөөс шууд хөрөнгө, ажиллах хүч гаргахгүйгээр 30 жилийн дараа стандартын шаардлага хангасан, иж бүрэн их засвар хийгдсэн авто замыг үнэ төлбөргүй хүлээн авах нөхцөлөөрөө онцлог юм.

Зам, тээврийн яамнаас цаашид их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан ийм төрлийн авто замын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн онцоллоо.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 500 сая ам.доллараар тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Төслийг нийт 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 3 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд “Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК нь 435.3 км авто замыг 7 хэсэгт хуваан, өөрсдийн 7 зам ангийг ажиллуулж гүйцэтгэхээр болсон байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.18/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 9 минут

Японы хөрөнгө оруулагчдыг урилаа

Цаг үе19 цаг 12 минут

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулг...

Цаг үе19 цаг 14 минут

“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мө...

Улстөр нийгэм19 цаг 15 минут

Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө

Улстөр нийгэм19 цаг 19 минут

Чойр-Замын үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барил...

Улстөр нийгэм19 цаг 21 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Улстөр нийгэм19 цаг 24 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе19 цаг 29 минут

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

Улстөр нийгэм2026/05/15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Цаг үе2026/05/15

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн...

Санал болгох