Улстөр нийгэм
БНСУ болон Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Өнгөрөгч сард буюу 2025 оны 5 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хамтын ажиллагааны арга замыг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой түншлэлийг эхлүүлж байна.
Гарын үсэг зурсан талууд дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллана:
1. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх – Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах бүсэд цэвэр эрчим хүчний технологи болон тогтвортой дэд бүтцийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэнэ.
2. Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах зохицуулалтын механизмыг дэмжих – Үндэсний хууль тогтоомжид нийцсэн дүрэм, журмыг хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.
3. Институц болон техникийн чадавхыг бэхжүүлэх – Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн эх үүсвэрийг ашиглан олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, хоёр улсын тогтвортой хөгжлийн болон Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилтуудад хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давос чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзав.
Ерөнхий сайд нар Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцав.

Сөүл хотноо өнгөрсөн онд болсон “Чухал ашигт малтмал ба уул уурхайн хөрөнгө оруулалт” сэдэвт Монгол, Солонгосын хамтарсан форумын үеэр талууд уулзаж байснаа дурсаж, тэр үед тохиролцсон “Чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лаборатори” нээгдсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлээд ховор металлын салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров.
Хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тав дахь шатны хэлэлцээ энэ зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсныг талууд сайшааж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцлоод банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа гэлээ. Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар гаднын банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийллээ.
Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд эхлүүлсэн ч зогсонги байдалд орсон 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөлд яаралтай шийдэл олохоор тогтов.

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дүгнэж, БНСУ-ын анагаах ухааны хөгжил дэвшлээс нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нь эрчимтэй нэмэгдэж байгааг хоёр тал онцлон тэмдэглээд цаашид иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Улстөр нийгэм
Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн удирдлагатай уулзаж, хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан стандартчилал болон Кодексийн үйл ажиллагааны хүрээнд цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцолж, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, олон улсын Кодексийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, шинэ түвшинд хүргэх боломжтойг тэмдэглэв.
Энэ үеэр хоёр тал хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, шинжлэх ухаанд суурилсан олон улсын стандарт боловсруулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол, Хятадын хүнсний аюулгүй байдал, стандартчлалын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх, хүнсний аюулгүй байдал, стандартчилал, Кодексийн чиглэлээр бодит үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Улстөр нийгэм
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Үзэл бодол2021/12/08
Л.Чой-Иш: Нийслэлийн 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ
-
Улстөр нийгэм2025/06/27
ОХУ-д зорчих иргэдийн анхааралд
-
Улстөр нийгэм2019/12/06
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс...
-
Цаг үе2024/10/18
Ерөнхий боловсролын сургуулиудад хараа шалгах багц хүлээлгэн өглөө
