Цаг үе
Төрийн банк Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа
Төрийн банкны Бизнес инкубатор төв СЭЗИС-тай хамтран Орхон аймгийн Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг зургаадугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Орон нутгийн бичил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, инновац шингэсэн шинэ санаа, бизнесийг хөгжүүлэх, туршлага хуваалцах зорилго бүхий энэхүү чуулга уулзалтад Орхон аймгийн өрхийн болон гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 150 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.
Чуулга уулзалтыг нээж, Төрийн банкны “Орхон” салбарын захирал Ч.Энхтуул, СЭЗИС-ийн Захиргаа, нийцэл хамтын ажиллагаа хариуцсан захирал Т.Алтангэрэл нар үг хэлсэн бол энтрепренершип, инновацын салбарын Монголын анхны доктор (PhD), дэд профессор, СЭЗИС-ийн багш Г.Батхуяг, тус сургуулийн Энтрепренершип институтын эрхлэгч Б.Бат-Амгалан, ахлах багш Т.Ууганболд нар чуулганы хүрээнд зохион байгуулсан сургалтыг удирдан явуулав.
Орхон аймагт зохион байгуулсан Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт нь Төрийн банк, СЭЗИС-тай хамтран зохион байгуулсан “Тогтвортой өсөлт ба бүтээлч бизнес” бойжуулах хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаатай давхцсанаараа онцлог байсан бөгөөд энэхүү бойжуулах хөтөлбөр нь Төрийн банкнаас санаачилсан “Тогтвортой өсөлт 2025” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй таван хөтөлбөрийн дөрөв дэх нь юм. “Тогтвортой өсөлт ба бүтээлч бизнес” бойжуулах хөтөлбөрт Орхон аймгийн 42 бизнес эрхлэгч хамрагдаж, чуулга уулзалтын үеэр сертификатаа гардан авлаа.
Төрийн банкны Бизнес инкубатор төв нь тогтвортой хөгжлийг түүчээлж, ногоон ирээдүйг цогцлоох зорилтын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл шийдлүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байна. Тухайлбал, СЭЗИС-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэдийн санхүүгийн мэдлэг боловсролд зориулж, 10 цахим хичээл бэлтгэсэн нь банкны веб сайтад байршаад байна. Хэрэв та хичээлүүдийг үзэх бол энд дарна уу.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа.
2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирч, үүнээс 18 нь насанд хүрээгүй, 132 нь 18-аас дээш насныхан байна. Ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өссөн байна.

Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн хэргээс анхан шатны шүүх 18 хэрэгт тэнсэх, 49 хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Одоогоор 75 хэрэг шалгах ажиллагаа хийгдэж байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон” хэрэгт бүрэн дунд болон дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.
Хүйтний улиралд замын нөхцөл байдал хүндэрч, халтиргаа, гулгаа ихтэй нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Цаг үе
Тойрог замын төсөл нь түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад бодит шийдэл болно
Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал хүлээн авч байна.
Уг төсөл хэрэгжсэнээр нийслэл хотод олон улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий автозамын сүлжээ шинээр баригдах юм.
Төслийн трасс нь Баянгол дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 13 хороо буюу нийт 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Автозамын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг сааруулах ач холбогдолтой юм. Мөн автозамын трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойн төлөвлөлтийг цогцоор нь шийдвэрлэж, хот байгуулалтын зохион байгуулалт сайжрах нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн үеийн судалгаа, тооцооллоор замын түгжрэл, удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүрээс ялгарах хорт бодисын хэмжээг огцом нэмэгдүүлж байгааг онцолжээ. Дотоод шаталтат хөдөлгүүрийн утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг бөгөөд энэ нь автомашины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байна. Ялангуяа эвдэрч муудсан зам, түгжрэл ихтэй нөхцөлд хөдөлгүүр илүү ачаалалтай ажиллаж, шатахуун зарцуулалт болон агаарын бохирдол нэмэгдэх сөрөг үр дагавартай.
Тодруулбал, дундаж хурд, ачаалалтай автомашин 1 кг бензин шатаахад дунджаар 300-310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80-100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгааны дүн бий. Иймээс замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэлд тооцогдож байна.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх, шатахуун зарцуулалт багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх юм.
Цаг үе
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ түрээслэхээр өгсөн чинь орон нутагт аваачаад зарсан байна” гэх гомдол мэдээллийг ирүүлсэн.
Урьдчилсан байдлаар иргэн Б нь энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түрээслэх зорилгоор авсан бусдын тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
