Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2020 оны 03 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2020 оны 03 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13, 14-нд говь, талын нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 14, 16-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Цаг үе
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна.
Хяналтын дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой.
Цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.


Цаг үе
Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.
Тухайлбал, Хүннү хот төслийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд өрнөж байна. “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн бөгөөд 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй “Олон түвшний уулзвар” төслийн хувьд, Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Хан-Уул дүүргийн 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
“Лаг шатаах үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийг Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулах талаар судалж ажиллах шаардлагатай”-г тодотгон, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө.
Цаг үе
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, хамтран ажиллах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх юм.

Хамтын ажиллагаа дараах үндсэн чиглэлээр хэрэгжинэ. Үүнд:
- Агаарын чанарыг удирдах, сайжруулахтай холбоотой технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх;
- Агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулахад хамтран ажиллах;
- Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх замаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах;
- Мэргэжилтэн солилцох болон сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа шинжилгээг хийх юм.
Хамтын ажиллагааны энэхүү санамж бичиг нь Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой.
-
Урлаг спорт2022/02/22
Б.Ачбадрахын дээл ОУОХ-ны музейд байршив
-
Улстөр нийгэм2020/10/14
Сурагчдад олон улсын стандартад нийцсэн автобус үйлчилнэ
-
Улстөр нийгэм2020/12/01
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.01-ний 11...
-
Улстөр нийгэм2022/09/21
БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид МҮОНРТ-д зочилло...
