Улстөр нийгэм
УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, сүүлийн саруудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой өргөдөл, саналууд Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системээр, мөн Өргөдлийн байнгын хороонд, гишүүдийн гар утсаар ирсээр байна. Улсын Их Хурал бол бага ард түмэн. Ард түмний засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг байгууллага учраас эх орныхоо өнцөг булан бүрээс иргэд сонгогдсон гишүүдээрээ дамжуулж бодит саналуудаа илэрхийлнэ.
Улсын Их Хурал Төв банкны хараат бус байдалд халдах, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд оролцож, чиглэл өгөхгүй. Гэхдээ ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа, төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүлж байгаагийн хувьд иргэдийнхээ санал, хүсэлтийг уламжилж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг гаргахад анхаарч байна” гэлээ.
Улсын хэмжээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээл авсан талаарх баримтыг Н.Учрал дарга онцлоод, тэтгэврийн зээл авсан ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөрт суутгуулан, үлдсэн 17 хувийн орлогоороо хүнс, эм тариа, бусад хэрэгцээгээ хангахад зарцуулж байгаа талаарх тооцооллыг дэлгэрэнгүй танилцуулав.
Өргөдлийн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа тэтгэврийн зээлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд тэтгэврийн зээл нь харьцангуй эрсдэл багатай атал Монголбанкнаас тэтгэврийн зээлийн эрсдэлийн жинг бусад төрлийн зээлтэй ижил 150 хувь болгон тогтоосон шалтгааныг тодрууллаа. Үүний зэрэгцээ Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ойрын хугацаанд товлосон хурлаараа тэтгэврийн зээлийн хүүг тогтоохдоо зээлийн эрсдэлийн нэмэгдлийг бодитоор тооцож, эрсдэл багатай зээлийн бүтээгдэхүүнээр тогтоон суурь хүүгийн түвшний орчимд зээл олгох боломжийг судлан шийдвэр гаргах боломж бий эсэхийг лавлав.
Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос энэ оны I, II улиралд гаргасан шийдвэрүүд, түүний мөрөөр хэрэгжиж буй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Тэтгэвэр авч буй ахмад настан авсан тэтгэврийн зээлийнхээ төлбөрийг төлөөд, үлдэх мөнгөөрөө амьжиргааны баталгаажих түвшнийг хангах шаардлагатай хэмээн тухайн үеийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Мөнгөний бодлогын хороо тус шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ оны зургадугаар сард тус яамнаас өмнөх хүсэлтээ цуцлах хүсэлт тавьсны дагуу шийдвэр гаргаснаар өр, орлогын харьцаа 83 хувь болжээ. Тодруулбал, ахмад настан 100 мянган төгрөгийн зээл авсан тохиолдолд зээлийнхээ төлбөрт 83 мянган төгрөг төлөөд, үлдсэн 17 мянган төгрөгөөрөө амьжиргааны зардлаа төлөх нөхцөл үүссэн хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлав. Энэ асуудлаар Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос, гишүүдээс ирүүлсэн саналуудыг судалж, энэ төрлийн зээлийн эрсдэлийн жинг 2023, 2024 оны хэмжээнд бууруулах тохиолдолд зээлийн хүү 0.5 хувиар буурах боломжтой хэмээн тооцжээ. Арилжааны банкуудаас олгож буй тэтгэврийн зээлийн хүү өнөөдрийн байдлаар 17.8 хувь байгаа нь 17.8 хувьд хүрч буурах аж. Энэ төрлийн зээлийн хүүг ийнхүү 0.5 хувиар буурах нь арилжааны банкуудад эрсдэл нэмэх учир Төв банк, холбогдох талуудтай нарийвчилсан тооцоо, судалгааг хийж байгаа гэлээ.
Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр нар тус бүр тэтгэврийн зээл олгож буй нөхцөл байдлын талаар, Төв банкнаас гаргасан шийдвэрүүдийн үр нөлөөний талаар мэдээлэл танилцуулсан. Үүний зэрэгцээ тэтгэвэр авдаг ахмад настнуудад тохирсон бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох талаар судалж байгаа гэв.
Ийнхүү уулзалтаар эхний ээлжинд 18 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хугацааг сунгах замаар сар бүрийн зээлийн төлбөрийг бууруулах боломжийг судлах талаар санал солилцож, ойрын хугацаанд холбогдох шийдлийг боловсруулан, арга хэмжээ авах боломжтой хэмээн ярилцлаа. Монголбанк арван хоёрдугаар сарын 11-ний өдөр Мөнгөний бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 696 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 357 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 345 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байсан 6 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 106 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 30 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Зөрчил тогтоогдсон 6 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ шинэчлэн бүртгүүлэх ажил үргэлжилж байгаатай холбогдуулан нийт 1052 мэдүүлэг гаргагчийг сургалтад хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ.
Улстөр нийгэм
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17” уриалга дэвшүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг хуванцаргүй зохион байгуулах уриалга дэвшүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд зочид буудал, аялал жуулчлалын салбарт:
-Зочдын өрөөнд нэг удаагийн ариун цэврийн хэрэгслийг автоматаар байршуулахгүй байх;
-Зочны хүсэлтээр олгох, сонголтоор худалдаалах хэлбэрт шилжих;
-Дахин ашиглах боломжтой усны сав, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх арга хэмжээг бодлогын түвшинд дэмжихээр зорьж байна.
Уг зохицуулалт нь хуванцарын хэрэглээ, хог хаягдлыг бодитойгоор бууруулахын зэрэгцээ тогтвортой аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсын ногоон хөгжил, байгаль орчны хамгааллын бодлого, олон улсын өмнө хүлээсэн амлалтыг бодит ажил болгоход чухал ач холбогдолтой юм.
Энэхүү санаачилга нь COP17 арга хэмжээний хүрээнд олон улсын зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын байгальд ээлтэй, хариуцлагатай жишгийг таниулах бодит алхам болно гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг нь сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын Эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг “Багануур” ХК 762.8 сая тонн нүүрсний нөөцтэй. 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 268.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. 2010 оноос хойш нүүрс олборлолтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч “Багануур” ХК санхүүгийн алдагдалтай ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануурын уурхай нь салбарын үнийн зохицуулалтаас болж алдагдалтай ажилладаг. Цаашид салбарыг шинэчлэх, үр өгөөжтэй ажиллуулах шаардлагатай. Багануурын дулааны станц өдгөө ямар нэг гэмтэл гарахад бэлэн байдалтай бөгөөд алдагдалтай ажиллаж байна. 150 МВт-ын дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэдэг тул өвлийн улиралд ажилладаг. Дулааны тариф бага учир алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авдаг, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин цахилгаан, дулаан, батарей хосолсон үйлдвэр баривал хувийн хэвшил зардлаа гаргаад хийх боломжтой. Мөн станц цаашид биеэ даагаад ажиллах боломжтойгоос гадна урсгал зардлаа нөхөөд ашигтай ажиллах, эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ талаар судлахыг үүрэг болголоо” гэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Энэ жил дулааны аргаар боловсруулж, жигнэсэн хөх нүүрс хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 35 хувиас дээш хувиар буурсан. Цаашид Багануурын уурхайг түшиглээд үйлдвэр барьж хэрэглээгээ дотоодоос хангана. Багануурын уурхайн нүүрсний дундаж илчлэг 3300 ккал байдаг. Угааж, баяжуулснаар энэ үзүүлэлт 30 хувиар өсөх боломжтой. Нүүрс пиролизын үйлдвэр барих ажлыг “Эрдэнэс Монгол” хариуцаад хийж байна. Улаанбаатар хот жилд 450-500 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Цаашид нүүрсний хэрэглээг багасгаж, 2030 он гэхэд 200 мянган тонн нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Энэ жил хөх нүүрсийг гаднаас авч түлсний үр дүнд Улаанбаатар хотын утаа багассан. Цаашид БНХАУ-аас өндөр үнэтэй хагас коксон шахмал түлшийг худалдаж авах уу, Багануурын уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулах уу гэдэг асуудалд шийдэл гаргахаар ажиллаж байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулснаар нүүрсний өртөг буурна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулах талаар бид ярилцаж шийдлүүд гаргалаа. Алслагдсан дүүргийг аж үйлдвэржсэн дүүрэг болгох боломж байна” гэв.
Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.





-
Улстөр нийгэм2022/11/18
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ...
-
Цаг үе2023/08/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2020/03/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
Улстөр нийгэм2023/10/23
Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
