Үзэл бодол
Гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг Н.Баасанжав нар мэдээлэл хийлээ.
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж хийж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зориулалтын техник хэрэгслээр ариутгал хийгдсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт, маргааш Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ.Гэр хорооллын нарийн гудамжаар орох боломжгүй асуудал гарч халдваргүйжүүлэлт хийгдээгүй цэгүүдэд дахин очиж халдваргүйжүүлэлтийг давтан хийгдэнэ” гэв.
Гэр хорооллын өрхүүдийн нүхэн жорлон болон эзэмшлийн 0,7 га газруудад халдваргүйтгэл хийх ажлыг дүүргүүдийн удирдлагуудад даалгажээ. Гэр хорооллын хог тээвэрлэлтийг сард хоёр удаа хийдэг ба нийтийн байранд оршин суудаг иргэд хогоо ил задгай хаях үзэгдэл их гарч байгаа аж. Тиймээс гэр хорооллоос хог ачих давтамжийг нэмэгдүүлэх үүргийг Хот тохижилтын газарт өгч ажиллаж байгааг дуулгаад, хогоо ил задгай хаяхгүй, хуваарьт өдрүүддээ хаяхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.
“Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын нарийн бичиг Н.Баасанжав “Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бодис нь хүний биед элдэв харшил өгөхгүй, ногоон байгууламжийг устгаж сүйтгэхгүй. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн бодисыг ашиглаж байгаа” хэмээн хэллээ. Мөн тэрбээр халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр ариутгал хийлгэхийг иргэдэд сануулсан юм.
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгжийн халдваргүйжүүлэх бодисын чанар, үйлчлэх бодисын хэмжээ гэх зэрэг 79 бодисоос дээж авч лабораторид шинжилхэд чанарын шаардлага хангаж дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын газраас ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаарх зөвлөмжийг гаргаж ажиллаж байна” гэлээ.
Хаврын улирал эхэлж цаг агаар дулаарсантай холбогдуулан гэр хорооллын үерийн хамгаалалтын далан сувгууд болон хөрсний бохирдол ихтэй цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа энэ үед коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг хогоо ил задгай хаяж байж хөрсний бохирдол үүсгэхгүй байхыг албаныхан уриаллаа.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.