Шударга мэдээ
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
“Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.

Уулзалтаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын зүгээс төслийн хэрэгжилтийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг тавьж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аливаа бүтээн байгуулалт Монгол Улсын хуульд захирагдана. Хуулиас дээгүүр төсөл гэж байхгүй. Байгаль орчин, иргэдийн эрх ашгийг зөрчсөн ямар ч үйл ажиллагааг төр хатуу зогсооно.
Төр хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд төслийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид төслийг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлнэ. Өмнө нь гарсан зөрчлийг арилгаж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, тайрсан бургасанд нөхөн төлбөр оногдуулна.
Хяналт шалгалтыг сулруулахгүй. Төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, мониторингийг тогтмолжуулан, хоёр жил тутамд аудитын хяналт хийж ажиллахыг анхаарууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.4-т заасныг тус тус үндэслэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсныг мэдэгдлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар төслийн хэрэгжилтийг байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журамд бүрэн нийцүүлэн зохион байгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, цаашид хууль, журмын дагуу ажиллахаа илэрхийллээ.
Шударга мэдээ
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Шударга мэдээ
ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэлээ.
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах зорилгоор өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгав.
Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий "Ногоон дата төв"-ийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бус нутгийн дата хаб болон хөгжих боломжтой юм.
Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил хэрэг болгох суурь алхам болно.
Шударга мэдээ
Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоол баталсан. Дээрх тогтоолын хүрээнд таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ.
-Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
-Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
- Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур
- Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур багтаж байгаа юм.
Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарласан. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулна. Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа байршуулжээ. Бүртгэл нь ирэх сарын 15-нд хаагдана.
Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстой. Нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.
