Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
Есдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Архангайн зүүн, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Үүлшинэ. Уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 8-10 хэмээр хүйтэрч 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:
Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 7-9 хэмээр хүйтэрч 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 6-8 хэмээр хүйтэрч 2-4 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 29-нөөс
2026 оны аравдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 29-нд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Дорнодын зарим сумдын нутгаар, 02-нд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг сүүлийн үед гарсантай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам иргэдэд анхааруулга хүргүүлжээ.
Тус анхааруулгад, "Сүүлийн үед БНХАУ-ын хилийн боомтоор галт зэвсгийн сум хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсантай холбогдуулан БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
1. Галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон хууль тогтоомжоор хориглосон бусад эд зүйлийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх;
2. Хил нэвтрэхээс өмнө ачаа тээш, хувийн эд зүйл, тээврийн хэрэгсэлд хориглосон болон хязгаарлалт тогтоосон эд зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах;
3. Бусдын ачаа тээш, илгээмж, эд зүйлийг нягтлалгүйгээр хил дамжуулан тээвэрлэхээс татгалзах;
4. БНХАУ-ын хил, гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж, нөхцөл байдлаас хамааран захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг, сум хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 7 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж, торгох буюу эд хөрөнгийг хураах; хөнгөн нөхцөлд 3–7 жил хорих, онц хүнд нөхцөлд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна..." гэсэн байна.
Цаг үе
Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцоно
Монголын гурван гарааны компани БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдах гарааны бизнес, инновацын олон улсын «Камап–2026» арга хэмжээнд оролцох эрх авчээ.
Нийслэлийн Бизнес, инновацын газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 26 төсөл материалаа ирүүлснээс хоёрдугаар шатанд 14, эцсийн шатанд зургаан төсөл шалгарчээ. БНСУ-ын ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 9-нд эцсийн үнэлгээг цахимаар хийж, «Хорека Юнион» компанийн «Хорекасофт», «Оюу Интеллиженс» компанийн «ЛүүкЛюкс Эй-Ай», «Хонмоно» компанийн «Хонмоно Эй-Ай» төслийг шалгаруулсан байна.
Олон улсын энэхүү арга хэмжээ арванхоёрдугаар сарын 9–11-нд Сөүл хотын «Коэкс» үзэсгэлэнгийн төвд болно. Шалгарсан компаниудын хоёр талын нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал бүрэн хариуцах юм.
«Камап–2026» арга хэмжээнд дэлхийн олон орны гарааны компани, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагууд оролцоно. Монголын компаниуд өөрсдийн технологийн шийдэл, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулж, хөрөнгө оруулалт татах, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох боломжтой болж байна.
Цаг үе
Nvidia-ийн захирлыг тагнуултай холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж байна
АНУ-ын технологийн томоохон компани Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай дотно харилцаатай байсан эмэгтэйг БНХАУ-ын тагнуулын ажилтан байж болзошгүй гэж сэжиглэж, Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Мөн АНУ-ын тагнуулын байгууллагууд Женсен Хуантай харилцаатай байсан Алис Хуан хэмээх эмэгтэйг БНХАУ-ын талд ажилладаг байсан гэж сэжиглэж буй талаар «Нью-Йорк таймс» сонин мэдээлсэн юм. Алис Хуан нь Nvidia компанитай бизнесийн харилцаатай Сингапурын Мегаспи компанийн удирдах албан тушаалтан байжээ.
Ерөнхийлөгч Трамп арваннэгдүгээр сарын 9-нд Женсен Хуантай утсаар ярьж, тухайн эмэгтэйг тагнуул байж болзошгүйг мэдэж байсан эсэхийг асуусан байна. Хуан энэ талаар огт мэдээгүй гэж хариулсныг Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам тагнуулын ажиллагаатай холбоотой мэдээллийг үндэслэлгүй хэмээн няцаасан байна.
Nvidia компани уг асуудлаар хараат бус шалгалт эхлүүлсэн бөгөөд компанийн нууц мэдээлэл алдагдсан, үндэсний аюулгүй байдалд хохирол учирсан гэх үндэслэл одоогоор тогтоогдоогүйг мэдэгджээ.
Энэ мэдээллийн дараа Nvidia-ийн хувьцааны ханш дөрвөөс дээш хувиар буурч, компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 250 тэрбум ам.доллароор багассан байна.
-
Улстөр нийгэм2021/04/25
Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгу...
-
Цаг үе2020/04/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/10/29
Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэн...
-
Шударга мэдээ2025/08/07
Сургууль, цэцэрлэгийн засвар, орон сууцны шугам сүлжээний засварыг эрчимжүүлэхий...
