Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Х.Ганхуяг: Угсаа залгамжлагчдаа боломж олгож, бусдад нь 400 саяын дэнчингээр босго тавьж, сонгогдох, дэвших эрхийг нь хязгаарлаж байна

Огноо:

,

Ардчилсан намынхан  60 тэрбумаас илүү схемийг ил цагаанаар хэрэгжүүлж байна

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн УИХ-д нэр дэвшсэн тойрогт дэвшиж, өрсөлдөхөө аль 2017 онд зарласан, “Хера холдинг” группийн ерөнхийлөгч Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр АН-ын хэсэг залуус өөрт нь С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй удирдлагуудынхаа төрийн албыг наймаалцахыг санаархаж байгаа хууль бус үйлдлийг илчилсэн захидал, намуудын сонгуульд зориулсан хандив авах хуулийн хугацаа болоогүй байхад АН-ын 181 горилогч 100 сая төгрөг тушаагаад байгаа зэрэг асуудлыг олон нийтэд дэлгээд байгаа билээ.

-Та өнгөрсөн долоо хоногт АН-ынхан хууль зөрчиж, дэнчингийн мөнгө цуглуулж байж болзошгүй талаар захидал бүхий баримт дэлгэсэн. Гэхдээ тэр захидлыг танд хэн нэгэн өгөөгүй, “Жагсаалтыг өөрөө биччихсэн юм биш үү” гэх хардлага зарим хүнд байх шиг байна. Тэр жагсаалтыг танд хэн нэгэн өгсөн гэдгийг юугаар батлах вэ?

-Надад өөртөө захидал бичээд, тийм жагсаалт гаргаад сууж байх зав, шаардлага байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай ажлын газарт надад хаягласан ийм дугтуйтай захидал (Бор цаасан дугтуй харуулав) авчраад үүдний жижүүрт өгснийг надад авчирч өгсөн. Чамтай уулзахдаа яг ингэж асуух байх гэж бодоод аваад ирсэн юм. Энэ дотор 100 сая төгрөгийн дэнчингээ өгсөн гэх 181 хүний нэрсийн жагсаалт, надад хандаж, намынхаа шударга бус зүйлсийг тоочсон захидал байсан. Гайхсан л даа, хэн юу өгчихөв, бодитой мэдээлэл юм уу, худал жагсаалт юм уу гэж. Захидал ирснээс хойш дөрөв хоног бодсон. Тэр хугацаанд өөрийнхөө хэмжээнд багахан судалгаа хийж үзсэн. Гэхдээ 100 сая төгрөгийн дэнчингийн асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Миний хувьд С.Эрдэнэ даргаас сошиалаар “УИХ-д АН-аас нэр дэвшихээр горилогчид үнэхээр 100 сая төгрөг тушаах юм уу, үгүй юм уу” гэх мэтээр цөөнгүй удаа асуусан ч хариу өгч байгаагүй. Гэхдээ хэвлэлээр зарим нэг нь “Би 100 сая төгрөгөө өгсөн” гэсэн байхад АН-ын зарим дарга “Авч байгаа нь үнэн” гээд яриад байсан л даа. Энэ мэтээс “Үнэн юм байна даа” гэж бодож байтал энэ захидал ирж, Ардчилсан намын удирдлагууд дэнчингийн мөнгө цуглуулж байгааг батлаад өгсөн. Харин энэ талаар хэвлэлийн хурал хийж, жагсаалтыг ил болгоход хамгийн их түлхэц болсон зүйл бол Д.Мөнх-Эрдэнийн “Би 100 сая төгрөгөө намдаа төлсөн. Ахиад 300 сая төгрөг нэхэж байгаа нь үнэн. Дэнчингээ өгсөн хүмүүс дунд нэг ч удаа бизнес хийж байгаагүй, насаараа төрийн албаар явчихсан хүмүүс ч байна. Мөн тэдний ах дүү, хамаатан садан байна. Энэ нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна” гэх яриа байсан.

-Жагсаалтад байсан хүмүүс бүгд 100 сая төгрөг тушаасныг хэн батлах вэ. Хэрвээ өгөөгүй байвал та бусдын нэр төрд халдсан болж, буруудах юм биш үү?

-Хэвлэлийн хурал хийх үеэрээ ч “Ардчилсан намаас албан ёсоор эдгээр нэрийг зарлаагүй. Ардчилсан намын залуус гэх хүмүүсийн өгсөн баримт шүү. Тиймээс энэ нь таамаг байхыг үгүйсгэх аргагүй” гэж хэлсэн. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэ асуудлыг нягталж, шалгаж, үнэн мөнийг нь тогтоох ёстой. Тийм учраас АТГ, ЦЕГ, ТЕГ гэсэн гурван газарт би жагсаалтад нэр дурдагдсан хүмүүс АН-д дэнчингийн мөнгө гэж 100 сая төгрөг өгсөн үү, өгсөн бол санхүүжилтийн эх үүсвэр нь хаанаас, хэрхэн бүрдсэн бэ гэдгийг тогтоож, шалгахыг хүссэн хүсэлтээ өгсөн. Би олон нийтэд жагсаалтыг ил болгосон. Одоо хууль, хяналтынхан ажлаа хийж, АН сонгуулийн хандив авах хугацаа болоогүй байхад дэнчин цуглуулж эхэлсэн үү, үгүй юү гэдгийг тогтоох байх. Хугацаа байна, харж л байя.

-Та С.Эрдэнэ даргад дэнчин өгсөн хүмүүсийн нэрсийг зарлах 24 цагийн хугацаа өгье гэж байсан. Танд хариу өгсөн үү?

-Өчигдөр би 17:30 цаг хүртэл хүлээлээ, албан ёсоор ирсэн юм алга. Гэхдээ сошиалаар над руу, хувь хүн рүү маань дайрсан дайралт их ирж байна. Сонирхолтой нь, дэнчингээ өгсөн гээд байгаа хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаа хүмүүс олон нийтийн сүлжээнд намайг элдэвлэж байна. Жишээ нь, “Чамд ямар хамаатай юм”, “Манай намын дотоод асуудал” гэх мэтээр. Уг нь би хэн нэг хүний тухай биш, зарчмын асуудал л ярьж байгаа. Тодорхой хэлбэл, хэрвээ Ардчилсан намын удирдлагууд гишүүдээсээ 100 сая төгрөг авсан бол энэ нь хэд хэдэн хууль зөрчиж байгаа. Ардчилсан нам УИХ-ын сонгуульд оролцох бол бүх зүйлийг хуульд нийцүүлж, хуулийн дагуу мөнгөө авах ёстой. Ингэхийн тулд одоо авсан мөнгөө буцааж өгөх хэрэгтэй. Өгсөн хүмүүс нь ч тэр мөнгийг хууль ёсны орлого мөн гэдгээ нотлох ёстой.

-Ардчилсан намын удирдлагууд 100 сая төгрөгийн дэнчинг “Манай намын дотоод асуудал” гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Дарга нар нь 100 сая төгрөгөө дэнчин, хандив, намын татвараа урьдчилж авч байна гэх мэт янз янзаар яриад байгаа. Зарим нэгний хувьд энэ асуудал өөрт нь хамаагүй юм шиг санагдаж магад. Гэвч энэ бол бүх хүнд хамаатай. Сонгуулийн дараа МАН, АН хоёрын оролцоотой л Засгийн газар Монголыг удирдах учраас энэ бол монголчуудын асуудал. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийн асуудал хөндөгдөж байна. Хоёрдугаарт, тэр жагсаалтын нэлээд нь хуучин хүмүүс буюу УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд байна. Цөөнгүй шинэ залуус байгаа ч гарвалыг нь судлахаар дандаа л одоогийн том дарга нарын ах, дүү, үр хүүхэд, хамсаатан, холбоо сүлбээтэй хүн байгаад байна. Хардаж бодвол тэд өөрсдөө биш юмаа гэхэд улс төрийн гар хөл, угсаа залгамжлагчдаа боломж олгож, бусдад нь дэнчингээр босго тавьж, сонгогдох, дэвших эрхийг нь хязгаарлаж байна шүү дээ.

-Ардчилсан намын удирдлагууд залуусынхаа, чадвар, мэдлэгтэй гишүүдийнхээ нэр дэвших боломжид босго тавьж, хязгаарлаж, мөнгөтэй нь сонгуульд оролц гэж байна гэж үү? 

-Намын гишүүн л бол сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхтэй. Ардчилсан намынхан өөрсдийгөө бодлогын нам л гээд байсан. Үнэндээ мөнгөний нам л болчихсон байгаа байхгүй юу. Улс төрийн намын тухай хуулиар нэр дэвших эрх нь нээлттэй байдаг. Үүнийг хөрөнгө чинээгээр хязгаарлаж болохгүй гээд заагаад өгчихсөн байгаа. Эрүүгийн хууль гээд олон хуулиар авч үзвэл энэ 100 сая төгрөгийн асуудал ерөөсөө байж болохгүй зүйл. Дээрээс нь сонгууль өгөхөөс 45 хоногийн өмнө нэр дэвшигч тодроод, хандивын дансаа нээгээд хандив цуглуулах ёстой. Ингэхдээ бүр хувь хүн тав, аж ахуйн нэгж 20 сая хүртэлх төгрөг хандивлах эрхтэй. Гэтэл Ардчилсан намын хувьд энэ хуулийн хугацаа болоогүй байхад бүр 100 сая, 300 сая төгрөг цуглуулж байгаа нь хууль бус.
Ардчилсан намынхан хүмүүсээ өрсөлдүүлэхгүйгээр мөнгө өгснөөр нь дэвших эрх өгч байгаа гэсэн үг. Өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа юм. 180 мянган гишүүний 181 нь 100 сая төгрөгөө тушаасан гэж бодохоор энэ хүмүүст л боломж олгоно, үлдсэн нь өрсөлдөөний талбараас хасагдаж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Энэ 181 хүний хэд нь 300 сая төгрөгөө тушааж чадах вэ, чадсан ч хэд нь дэвших боломжоо авахыг бас л таах боломжгүй. Гэхдээ мөнгө тушаасан нь хоосон хоцрохгүй гэсэн баталгаатайгаа үлдэж байгаа байх. Жишээ нь, надад ирсэн жагсаалтаас харахад Архангай аймагт долоон хүн өрсөлдөхөөр дэнчингээ өгчээ. Өөрөөр хэлбэл, нам нь 700 сая төгрөг авчихсан гэсэн үг. Гэтэл Архангай аймаг гурван мандаттай, энэ долоогийн гурав нь л нэр дэвших эрхтэй болно. Дэнчингээ өгсөн ч дэвших эрхээ авч чадахгүй үлдсэн хүмүүс нь яах вэ. Тус намын удирдлагуудын нэг нь “Дэнчингээ өгсөн ч дэвшээгүй хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлнэ” гэж хэвлэлд ярьсан байсан. Улс төрийн дэмжлэг гэдэг чинь албан тушаал л шүү дээ. Өөрөөр хэлбэл, та нарын албан тушаалд очих эрхийн бичиг чинь 100 сая төгрөгөө тушааснаар баталгаажлаа гэж байгаа юм уу. Улс төрийн болон бүх албан тушаалыг наймаалцах сууриа тавьж байна гэсэн үг.

-Та С.Эрдэнийн тойрогт нэр дэвшихээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тийм учраас энэ асуудалд ингэж хандаж байна уу. Эсвэл хууль бус дэнчингийн асуудлыг ил болгох нь чухал гэж бодсон уу. Одоо таныг юу ч хэлсэн улстөржүүлж харах, ойлгох учраас ингэж асууж байна л даа?

-Энэ ерөөсөө зарчмын асуудал шүү дээ. Ядаж үүнийг битгий улстөржүүлээч. Хамгийн наад зах нь тавдугаар сарын 11-12-ны үеэр нэр дэвшигчдийг тодруулна. Нэр дэвшигчид тодорчихоод, дараа нь хуулийн дагуу хандив цуглуулж эхэлсэн бол би ийм юм ярихгүй байсан. Зөвхөн өнөөдөр ийм асуудал яригдаад байгаа юм биш. Өмнөх 30 жилд хандив, татварын асуудал яригдсаар, олны дунд хардлага төрсөөр ирсэн. Гэтэл үүнийг нь 60 тэрбумын гэх хэрэг баталгаажуулж өгсөн. Үүнийхээ төлөө тодорхой хүмүүс хариуцлага хүлээсэн. Тодруулбал, Засгийн газар огцорсон, УИХ-ын дарга албан тушаалаасаа буусан, хэд хэдэн хүн шоронгийн хаалга татаж байна. Гэтэл Ардчилсан намынхан одоо 60 тэрбумаас илүү схемийг ил цагаанаар хэрэгжүүлж байна. Зөвхөн бидэнд мэдэгдэж байгаагаар нь тооцоолоод үзэхэд 60 тэрбум дөхчихсөн байгаа юм. Өдөр ирэх тусам дэнчин, хандив нь нэмэгдэнэ. Хамгийн бодит, хүмүүст зарласан дүн л гэхэд одоо ахиж 300 сая төгрөгийг горилогчид нэмж тушаах ёстой гэж байгаа. Тэгэхээр энэ тоо бүр явж өгнө. Дээр нь сонгуулийн өдөр, ялсны дараа, Засгийн газар бүрэлдэхэд яах юм бэ. Сайдын суудал төдөн төгрөгийн дэнчинтэй, тэрийгээ намдаа өгч байгаад өрсөлд гэх юм уу. 180 мянган гишүүнтэй намаас УИХ-д нэр дэвшүүлчих боловсролтой, чадалтай 76 хүн олдохгүй байна гэж байхгүй. Энэ захиа яагаад заавал надад ирсэн бэ гэж бодохоор би С.Эрдэнийн тойрогт нэр дэвших сонирхолтой байгаагаа аль эрт илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор надад баримт өгсөн байх. Үүнээс гадна намын гишүүд нь намын даргадаа энэ асуудлаар яривал намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авах байх. Тиймээс л надад хандсан болов уу. Бас олон нийтэд хүргээсэй гэж хүссэн байх.

-Жагсаалт дотроос мөнгөө баттай төлсөн хүн таныхаар хэн хэн байсан бэ?

-Баттай биш ч нэлээд хүн байх шиг байна. Жишээ нь, Фортуна Батбаяр мөнгөө төлсөн гэж байгаа ч түүний охин нэр дэвшихээр бэлтгэж байгаа яриа бий. Ц.Элбэгдорж өгсөн гэхэд өөрөө биш, хүү нь нэр дэшинэ гэх мэтээр өөр хүний нэрээр тушаагаад орныхоо хүнийг дэвшүүлэх хувилбарууд энэ дунд бас харагдаж байна. Ийм учраас мөнгөний эх үүсвэрийг нь шалгах ёстой гээд байгаа юм. Мөн 181 хүн дээр өшөө хэчнээн хүн 100 сая төгрөгөө тушаачихаад байгааг тодорхой болгох хэрэгтэй.

-С.Эрдэнэ өөрийгөө 60 тэрбумтай адил хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөлөө ийм ил цагаанаар бүрдүүлэх тийм тэнэг хүн үү. Эсвэл бүр ингэтлээ улайраад байх шалтгаан байна уу?

-Ардчилсан намын дарга нь ингээд эхэлж байгааг миний хувьд хардахдаа бүх хүч, хамгаалалт манай талд байгаа юм чинь гээд хууль зөрчиж болно гэж бодоод байгаа юм уу. Яг яагаад ийм зүйл хийгээд байгааг нь би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэд айдасгүй байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй гэж бодож, ийм зүйл хийгээд байдаг юм болов уу.

-З.Энхболд, С.Эрдэнэ нартай та хэр ойр дотно байсан бэ. Хувийн ямар нэг асуудал байдаг болоод тэдний нэр дэвшсэн тойрогт өрсөлдөөд байдаг юм уу, эсвэл өөр шалтгаан бий юү?

-Миний хувьд С.Эрдэнэ гэдэг хүнтэй нэг удаа сагсан бөмбөгийн тэмцээн дээр таарч байсан. Түүнээс хувь хүнийх нь хувьд ямар ч ойлголт байхгүй, танихгүй. Тэр хоёртой ямар ч хувийн асуудал байхгүй.

2016 онд би иргэдийн төлөөлөл байх гэж, МАНАН бүлгэмийн эсрэг тэмцэхээ илэрхийлж, бие дааж нэр дэвшсэн. Өмнөх сонгуулиар би З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөж байсан. Бизнес эрхэлдэг хүмүүс эрсдлээ бодоод улс төр рүү ороод, ялангуяа бие дааж нэр дэвшээд байдаггүй. Миний хувьд тухайн үед яах аргагүй бухимдсан, улс төрийн хонжоо харсан бол өрсөлдөхгүй, тохиролцохоо бодох байсан байх. Гэвч миний үнэт зүйл, үзэл санаа, зарчим тэдэнтэй ерөөсөө нийцдэггүй. Цаашдаа ч нийцэхгүй. З.Энхболд явахдаа намаа өөрийнхөө залгамжлагч гэж болох С.Эрдэнэд өгсөн. Ардчилсан намыг С.Эрдэнийн нэрээр З.Энхболд л удирдаж байна шүү дээ. Өмнөх сонгуулиар бие даагчдаас би улсын хэмжээнд хоёрт орсон. Энэ нь надад маш их урам өгсөн. Одоо ч гэсэн манай тойргийн иргэд “Таныг УИХ-д нэр дэвшвэл бид дэмжинэ шүү. Таны зарчим, дэвшүүлж байсан бодлогууд их зөв байсан. Шударга ёсны төлөө яваарай” гэдэг. Ийм учраас хүмүүсийн хүлээлтэд хүрч, өөрийнхөө чадах зүйлийг хийж өгөх юмсан гэх бодол дотор минь байнга асаж байна. Мэдээж намын гишүүд минь итгэл хүлээлгэвэл шүү дээ.

Одоо боломж гарвал С.Эрдэнийн дэвшиж байгаа тойрогт яагаад нэр дэвшиж, түүнтэй өрсөлдөх гээд байгаа вэ гэхээр С.Эрдэнэ МАНАН бүлгэмийн сүүлийн тулах цэг, үлдэгдэл нь. Тийм учраас өмнө нь иргэдэд амлаж байснаараа МАНАН-г бүр мөсөн үгүй хийхийн төлөө боломж олдвол С.Эрдэнэтэй өрсөлдөнө. Зарчмын хувьд би сонгогчдоосоо хандив цуглуулж өрсөлдөнө гэж бодож байгаа. Үүнээс гадна МАНАН-г задлаад МАН шинэчлэгдчихлээ шүү дээ. Залуучуудаа дэмждэг, боломж олгодог болж байна. У.Хүрэлсүх дарга дэнчин, хандив авахгүйгээр, ард иргэдээс хамгийн их дэмжлэг, санал авсан хүнийг нэр дэвшүүлнэ гээд зарлачихсан. Ийм болохоор л би зоригтой яриад байгаа юм.

-Сонгогчид танд хандив өгөх болов уу?
-1000 төгрөг ч байсан хамаагүй. Би сонгогчдын төлөөний хүн баймаар байна. Хэдэн компани, санхүүжүүлэгчдээсээ мөнгө авчихаад албан тушаалд очсоныхоо дараа тэднийхээ төлөө үйлчилдэг, тэдний эрх ашгийг хамгаалдаг хүн баймааргүй байгаа юм. Тийм учраас л сонгогчдоосоо хандив цуглуулж, нэр дэвшинэ гээд байгаа юм.

-Та өөрийн гэсэн бизнестэй, бизнес тань амжилттай гялалзаж байгаа. Заавал улстөрч болох, УИХ-д суух шаардлага байгаа юм уу. Тэнд очихгүйгээр сайн сайхан зүйл бүтээж болдгийг харуулах боломж байгаа ч юм билүү?
-2012-2016 онд би Эдийн засгийн форум зохион байгуулдаг байлаа л даа. 2012 оноос хойш Монголын эдийн засгийн орчин нүдэн дээр уруудсан. Форум болгоноороо ямар нэгэн мессэжийг төр, засгийн удирдлагуудад өгөхийг хичээж байсан. Энэ үед Монгол Улсын Засгийн газар маш их мөнгөтэй байсан. Янз янзын бонд гаргасан. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал гэж сүйдтэй юм болоогүй байтал явж байсан бүх ажлыг зогсоосон. Эдийн засгийн бүх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг З.Энхболд болон түүний бүлэглэлийнхэн зогсоосон гэсэн үг. Мэдээж тэдэнд ашигтай байсан. Ингэхдээ өөрсдийнхөө гэсэн компаниудад илтэд үйлчлээд явчихсан. Шударгаар, зарчмаараа, хөдөлмөрөөрөө ахиж дэвших гэж яваа бизнесмэнүүдэд, олон арван аж ахуйн нэгжид энэ нь маш шударга бус байсан. Тэгээд үр дүнд нь 2015 оноос жилийн 13 хувийн хүүтэй ам.долларын зээлийг гаднын орнуудаас авдаг болчихсон, манай Засгийн газар. Хөрөнгийн зах зээлээс 16-17 хувийн хүүтэйгээр дотоодын арилжааны банкуудаас мөнгө зээлдэг болсон. Зээлэхдээ жишээ нь, Хөгжлийн банк арилжааны банканд 5-6 хувийн хүүтэй мөнгө байршуулаад, Засгийн газар бонд гаргалаа гэнгүүтээ нөгөө байршуулсан мөнгөө 16  хувийн хүүтэйгээр зээлж байсан. Тэгээд бид чинь ер нь дампуурчихсан байсан шүү дээ. Энэ мэт шударга бусыг болиулах гэж, Эдийн засгийн форумаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх гэж оролдсон. Өнөөдөр ч яах вэ, би бизнесээ хийгээд амиа аваад явчихаж болно. Гэтэл миний үр хүүхэд яах юм, тэд ямар нийгэмд амьдрах юм. Нэг юм хийх гэтэл бүх боломжийг нь тэд ингээд л булаагаад байх нь байна шүү дээ. Ийм учраас л би чадах чинээгээрээ өөрийн дуу хоолойг хүргэхийг хичээж байна шүү дээ.

-МАН-ын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдоосоо маш нууцаар дэнчин авч байгаа юм биш биз дээ?

-Тийм зүйл огт байхгүй.

-Танд С.Эрдэнийн тойрогт нэр дэвших боломжийг МАН-аас өгөх болов уу?

-Хэлж мэдэхгүй байна. Итгэвэл өгөх л байх.

-Одоо танд дахиад задлах баримт, дуулиан байна уу?

-Одоогоор алга. Гарч ирвэл, бас шаардлагатай бол дэлгэнэ.

-УИХ-ын сонгуулийг бие даагчдын сонгууль болох нь гэсэн яриа их гарч байна. Мөн таныхаар дараагийн парламент ямар хүмүүсээс бүрдэхээр байна вэ?

-УИХ-ын гишүүн том тойргоор явна. Сонгогчдод сонголт олон байна. Гэхдээ сонгогчид энэ удаад намыг харахаас гадна хүнийг нь харах боловуу гэж бодож байна. Ирэх парламент эв эеийг бодсон, стандарт бус шийдлийг л олохгүй бол маш их попролт өрнөж мэднэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажлыг цахимжуулахыг  даалгалаа.

Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээллийг агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд дунджаар 6-12 удаа давхардуулан шаардаж байна.

Гадаад худалдаанд тулгарч буй эдгээр хүндрэлүүдийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө. 

Хилээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг гаалийн төв лабораторид өгөөд хариу авах хүртэл дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног хүртэл зарцуулж байна. Мөн хилийн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор мөн,

  • Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлтийг гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх, 
  • Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах, 
  • Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гарлаа. 

Бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах, улсын хэмжээнд шаардлагатай улаанбуудай, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын зохистой харьцааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний үйлдвэрүүд, холбогдох төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, малчин өрхийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах, дотуур байраар хангаж ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нь уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа. 

  • 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авах,  
  • Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлш, шатахууны нөөц, тэсрэх бодис зэрэг чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх,
  • Нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөц бүрдүүлэх,
  • “Шивээ-Овоо” ХК-д хуримтлагдсан өр, төлбөрийн асуудлыг судлан, шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах, цаашид өр төлбөр үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын нүүрсний борлуулах үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос бодитой тогтоох тогтолцоог бүрдүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх,  
  • Стратегийн ордын нөөцийг олон улсын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн тогтоож, үнэ цэнийг нэмэгдүүлэх, тус ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах асуудлыг судалж танилцуулах,
  • Говьсүмбэр аймгийн төвийн дулаан хангамж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлж, шинээр байгуулах 20 МВт дулааны цахилгаан станц байгуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан хаагчидтай уулзах үеэр уурхай ашигтай, тогтвортой ажиллагааг хангаж уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулсан. Гүйцэтгэлийн үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа компанийн удирдлагууд илэрхийлээд байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 52 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Цаг үе5 цаг 1 минут

"Байр түрээслүүлнэ” гэж иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэм...

Шударга мэдээ5 цаг 4 минут

Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

Улстөр нийгэм5 цаг 6 минут

Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр ...

Цаг үе5 цаг 8 минут

ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хо...

Шударга мэдээ5 цаг 9 минут

Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үй...

Цаг үе5 цаг 11 минут

Боловсролын салбарт технологид суурилсан бие даан суралцахуйд үе шат...

Шударга мэдээ5 цаг 13 минут

“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар ү...

Цаг үе5 цаг 15 минут

Ургац хураалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна

Улстөр нийгэм5 цаг 16 минут

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Санал болгох