Улстөр нийгэм
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ
УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-ны өдрийн 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ажлын дэд хэсгийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Д.Ламжав, Улсын бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нарын зэрэг хүмүүс оролцов.

Хэвлэлийн бага хурлын эхэнд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ болох Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
1992 оны 01 дүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль мөн оныхоо 02 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.
Тэгвэл, бидний 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань ийнхүү хүчин төгөлдөр болж байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт хийснээр улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн хорь, гучин жилд яаж удирдан зохион байгуулж явахав, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангахав, улс орноо яаж хөгжүүлэхэв, ирээдүйнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэхэв гэдгийг тогтоож чадлаа.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр:
- Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залрууллаа;
- Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өглөө;
- Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болголоо;
- Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ;
- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт орууллаа;
- Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийлээ.
Ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах 40 гаруй хууль ард түмний хүсч байгаа шударга ёс, төрийн эрх барих байгууллагын хариуцлага, төсвийн ил тод хяналттай байх нөхцөлийг амьдрал дээр биежүүлэн буулгах ёстой юм.
Органик хуулиуддаа энэхүү нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг нэг бүрчлэн нарийвчлан суулгаж чадахгүй бол засаглалын хямрал засагдах ажил удаашрах болно.
Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан үзүүлэхийн төлөө дараагийн төр, засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжиж, Монгол төрийн сүлд ивээх болтугай” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ба уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.
Улстөр нийгэм
Монгол Улс энэ оны эхний найман сард 622 мянга гаруй жуулчин хүлээн авчээ
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 9-ний байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ.
Засгийн газраас 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, визийн нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарын оргил үе болох 2019 онд Монгол Улс бүтэн жилийн хугацаанд 577,300 жуулчин хүлээн авч байжээ.
Харин 2026 оны наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар жуулчдын тоо 2019 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 44,823-аар буюу 7.8 хувиар давсан байна.
Ингэснээр Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг энэ үзүүлэлт харуулж байна.
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
-
Улстөр нийгэм2024/07/05
Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзав
-
Цаг үе2020/04/08
Чилийн Боловсролын яамнаас коронавируст халдварын тархалтын үед авч, хэрэгжүүлж ...
-
Цаг үе2021/11/25
Төрийн банк: Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөг...
-
Улстөр нийгэм2023/10/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
