Цаг үе
Амар амгалангийн оронд буй аавдаа...
Амар амгалангийн оронд аав минь та амар тайван байна уу. Аль эсвэл аль нэг хүү охиндоо алиа хөөрхөн үр нь болоод ирчихсэн байна уу. Бурхан багшийн зурсан зурагт буцаж, таныг бидэндээ ирнэ гэсэн болохоор хэн нэгэндээ шинэ хүн мэндлэхэд битүүхэндээ таныгаа юм бол уу гэж бодоцгоодог. Ааваа бид таныгаа явснаас хойш улам өнөр өтгөн болж, өрх тусгаарлах нэгэн байхад өвөө эмээ болсон ч байгаа.
Тэр болгондоо таныгаа бид үргэлж үгүйлэн санаж, таныхаа байх ёстой орон зай, үнэт сургаалыг хүсэмжлэх юм. Үнэхээр энэ захиа аав таньд минь хүрдэг бол таныхаа эзгүйд болсон бүхий л зүйлийг хэдэн өдөр ч хамаагүй бичих юмсан. Ээж минь сайн, таныг санасандаа хааяахан харуусал гуниг ганцаардал бүгдийг шингээн, санаа алдахад нь, хөөрхий ээжийг минь ганцаардуулж юунд аавыг минь авч явав даа гэж бурханд гомдох юм.
Ээждээ үгүйлэгдэх таны орон зайг бид юугаар ч нөхөж чадахгүй.
Аав, ааваа гэдэг үгийн араас олон зүйлийг хэлж байсан байх, гэхдээ аавдаа хайртай гэж эрх шар охин хэлсэн билүү. Хайртай гэж хэлээгүй ч хайртайг чинь мэднээ аав нь гэж та хэлэх л байх. Хайртай гэдэг үгийг, хайртай хүндээ хэлж чадаагүй алдсан хүн л, ямархан харамсалтай байдгийг ойлгодог юм байна. Одоо би аавынхаа зургийн өмнө зогсоод нулимс унаган байж хайртай шүү, таныгаа санаж байна гэж мянга дахин хэлдэг ч нэг ч удаа болов аавд минь хүрэхгүй нь харамсалтай.
Таныг минь авч явсан тэр хар өдрийг хүртэл би аавын эрх охин, таны балчир жаахан үр нь байсан. Хүний эхнэр хүүхдийн ээж болсон намайг, “Миний муу ховдог охин айлд очоод аавындаа байдаг шиг цаг үргэлж галын өрөөгөөр нь эргэлдээд байж чадахгүй өлссөн үү” гээд л хайр, хошигнол хослуулан сахалтай хошуугаараа үнсэхдээ охиндоо хэзээ ч мартахааргүй аавын хайрын үнсэлтийг үлдээсэн.
Цаг нөхцөөж байна гэж хийдэг байсан таны минь сийлбэрүүд үр хүүхдүүд бидний хамгийн үнэтэй бэлэг болон гэрийн хойморт байрлаж байгаа. Аав таныгаа сар шинийн баяраар юу юунаас илүү үгүйлэн санах юм.
Шинийн нэгний өглөө биднийг ороход ээж аав хоёр минь тавагтай идээнийхээ хоёр талаар хаалгаар орж ирэх биднийг өндөлзөн харж, алд цэнхэр хадгаа дэлгэн угтдаг байсан. Аав таныгаа босго алхуут л нэхэн санах минь юутай хэцүү гэж бодно. Жилээс жилд улам л таны минь төрхтэй адилхан болж байгаа ах нар маань ээжийн баруун талд суун аавыгаа орлон, санах сэтгэлийг минь засах боловч, баярын энэ өдөр ээжийнхээ гаргаж тавьсан таныхаа хөрөгний өмнө зүрхэндээ хурах шар усаа тогтоож би үл чадна.
Үр хүүхдүүдийнхээ бахархал болсон таныхаа тухай, тантай минь нүүр тулан уулзаж амжаагүй бяцхан үрсдээ байнга дурсан ярьдаг. Хүнд хэцүү амьдралыг туулан байж, аав таны минь эхлүүлсэн амьдрал тасрахгүй үргэлжилсээр, улам өнөр өтгөн болсоор байгаа.
Багш мэргэжил тань ч нөлөөлсөн үү, хүргэн, бэр, хүү, охин гэж ялгахгүй хайрлах тэр зан чинь хань ижлүүдийн минь хайрыг нь хүртэл татаж чадсан. Ээжийн минь тайван амгалан зан, ануухан төрх бүгд таны минь ханийгаа яаж хайрлаж байсны илрэл юм уу даа. Аав таныхаа нэгэн биеийн тал болсон ээжийгээ эрхэмлэн хайрлахаа тандаа амлаж, тандаа дуулгаж чадаагүй үзүүлж амжаагүй сайн сайхан болгоноо ээждээ барьж баярлуулна. Булбарай жаахан үр минь болж охиндоо буцаж ирээрэй ааваа.
Хайрт охиноос чинь амар амгалангийн орон руу хаяглав...
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Шударга мэдээ2025/12/02
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах тех...
-
Цаг үе2020/03/06
Бэлгээ аваад 3 сая төгрөг хожоорой
-
Цаг үе2023/09/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
-
Цаг үе2020/06/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
