Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцов

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.01.26/ Батлан хамгаалах яаманд болсон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцож, үг хэллээ.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын нээлтэд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд,  Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ:

“Эрхэм генерал, офицерууд Та бүхний амрыг эрье.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйлсэд мөр зэрэгцэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, генерал, офицерууд Та бүхэнтэй энэ өдөр дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Шинэ үеийн түүхийн хугацаанд бид Үндсэн хуульдаа “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх”-ыг хуульчлан баталгаажуулж, Зэвсэгт хүчин иргэний хяналтад байх ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадавх, бодит боломжид нийцсэн “мэргэжлийн чиг баримжаатай цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх”, “мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж хөгжүүлэх” бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 6 дугаар сард “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”, “Зэвсэгт хүчний стратегийн дэлгэн байгуулалтын төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчнийг дайнд хэрэглэх ерөнхий төлөвлөгөө”, “Зэвсэгт хүчний тайван цагийн бүрэлдэхүүнээр цэргийн бүлэглэл байгуулах төлөвлөгөө”-нүүдийг баталгаажуулсан.

Дээрх баримт бичгүүдийн үзэл санаа Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалтай нийцэж, Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэрэг, Барилга-инженерийн цэрэг болон Кибер аюулгүй байдлын цэргийг бас байгуулсан. Цаашид шинээр байгуулагдсан төрлийн цэргийг тайван цагт болон дайны үед хэрэглэх, тайван цагт бэлэн байдал, бэлтгэлжилтийг нь хэрхэн хангах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн мөрдөх нь Та бүхний үүрэг юм.

Ингэхдээ “Зэвсэгт хүчин нэгдмэл байх” зарчимд нийцүүлэн Төрийн цэргийн байгууллага, төрлийн цэргийн командалын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, улс орныхоо хүн ам, эдийн засгийн чадавхыг бодитоор тооцох, зэвсэгт тэмцлийн үеийн цэргийн  ажиллагааны оршин тогтнохуйн аюулгүй байдалд нөлөөлөх цэрэг-улс төр, цэрэг-стратегийн нөлөөллийг урьдчилан тооцох, даргалах албан тушаалын ахлагчаас генерал хүртэлх албан тушаалтнуудын санаа бодлыг тусгах шаардлагатай юм.

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэж, төмөр замын доод бүтцийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж, дээд бүтэц угсрах ажлыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанитай хамтран гүйцэтгэж байна. Төсөлд оролцсоноор барилга-инженерийн ангиудын чадавх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд бие даан үүрэг гүйцэтгэх боломжтой болсон гэж үзэж байна. Зэвсэгт хүчин цаашид Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан төмөр замын болон бусад стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэнэ.

Төмөр замыг өөрсдийн хүчээр буюу Зэвсэгт хүчин хариуцан, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой бүтээн байгуулсан нь “Бид өөрсдөө чадна” гэсэн итгэл үнэмшил, үндэсний ухамсрыг бий болгосон. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид өөрсдөө хийх нь улс, үндэстнийхээ ирээдүйн сайн сайхныг бие даан цогцлоох, үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс нь болох болно.

Энэ ташрамд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримтлан, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагчдын маань үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтойг мөн цохон тэмдэглэе.

Зэвсэгт хүчний байгуулалтын зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах улс төр, дипломатын үйл ажиллагаа, улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх чадавхтай цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий мэргэжлийн Зэвсэгт хүчнийг байгуулах алсын хараатай байх, цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, ангийн бэлэн байдал, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг аюулгүй байдлын орчинд нийцүүлэн дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд удирдах албан тушаалтнууд Та бүхэн онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Та бүхний энэ удаагийн цугларалт нь улс орныхоо аюулгүй байдлыг бие даан хангахад чиглэсэн операцын төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинээр боловсруулах талаар нэгдсэн ойлголтод хүрэх, хүч хэрэгслийг оновчтойгоор хэрэглэх арга замыг эрэлхийлж байгаа гэж ойлгож байна.

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2021 оны стратегийн цугларалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Бүх цэргийн Их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд 1997 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтаар улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, цэргийн байгууллагын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг.

2021 онд Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээсэн Цогтцэций-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын макетыг мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

Огноо:

,

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.

Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.

Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.

“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.

Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.

63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох