Шударга мэдээ
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн хүнсний багцыг хүлээлгэн өгч дууслаа
Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон. Өнгөрөгч долоо хоногт БГД, БЗД, СБД-үүдэд нийт 1721 өрхөд хүний багц хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Э.Ниндэв нарт 300 хүнсний багцыг хүлээлгэн өглөө. Мөн ХУД-т нэмж 200 өрхийн хүнсний хангамжийг хүлээлгэн өгснөөр нийт 2221 өрхөд одоогийн байдлаар хүнсний багц олгоод байна.
Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Энэ хүнд цаг үед “дэм дэмэндээ” аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал болохыг и мартын хамт олон хэлж байсан юм.




Шударга мэдээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс хурлын түр байгууламж, авто зам тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцаж байна.
Энэ хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол хийхээр төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 78 хувьтай байна.
Тухайлбал, 10 мянган ам метр талбайд явган хүний замыг өнгөт хавтангаар байгуулж, 70 мянган ам метр талбайд цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийг хийжээ. Мөн 70 мянган ам метр талбайд суурь асфальт бетон хучилтыг хийж дууссан. Долоодугаар сарын 1 гэхэд зам талбайн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.



Шударга мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын үе үеийн удирдлага, ахмадууд, ажилтан, албан хаагчдад Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жил, “МИАТ” ТӨХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүсэн ерөөлөө.
Иргэний нисэхийн салбар цаашид ч аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, улс орнууд, ард түмнүүдийг холбосон стратегийн гүүр болсоор байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Цар тахлын үед гадаадын улс орнуудаас, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдээ татан авчирсан нисэхийн салбар, “МИАТ” компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Тэрбээр салбарын болон “МИАТ” компанийн төлөөлөлтэй уулзаж, хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.



“МИАТ” ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Агаарын 10 хөлгөөр 15 орны 50 гаруй чиглэлд хуваарьт болон захиалгат нислэг, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлддэг юм.
70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн онд гэхэд л 2,4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд 2 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэсэн байна.
Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн гэсэн үг юм.
“МИАТ” компани нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан.
Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг 5 компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарч байна.

Салбарын яам цаашид агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, нисэхийн дэд бүтэц, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах юм.
Энэ чиглэлээр бодлогын дэмжлэгээ урьдын адил үргэлжлүүлэн үзүүлэхийг салбарынхан Ерөнхийлөгчөөс хүслээ.

Тээврийн салбар нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг, нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.
Ерөнхийлөгч санаачилга гарган “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улс-Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт дэвшүүлсэн.
Мөн Ерөнхий сайд байхдаа анх удаа “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого” батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулан ажиллуулж байлаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “МИАТ” ТӨХК-д Сүхбаатарын одон, “МИАТ” ТӨХК-ийн “Б737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт Гавьяат нисгэгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны ерөнхий инженер Бадамдоржийн Цогоод Нисэхийн гавьяат техникч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн ерөнхий менежер Пүрэвжавын Ганболдод Гавьяат холбоочин, “МИАТ” ТӨХК-ийн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.









Шударга мэдээ
УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын гишүүдийн хамт Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа халаалтаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаанаар шийдсэн амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломжийг судалж, богино хугацаанд шийдэл танилцуулахыг Монголбанкны удирдлагуудад чиглэл болгосон байна.
Монголбанкны зүгээс банкны системийн нөхцөл байдал хэвийн, үйл ажиллагаа, хөрөнгө эх үүсвэр хангалттай байгааг танилцуулжээ. Харин арилжааны банкуудад зээл олгох боломж байгаа ч ипотекийн зээлийн хүсэлт гаргасан 45 мянган иргэн хүлээлттэй байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ асуудлаар тодорхой бодлого, шийдэл танилцуулахыг үүрэг болголоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг нь өрхийн орлого зарлагаа нөхөж чадахгүй байгаа явдал гэдгийг тэмдэглэв. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар бага орлоготой иргэдийн сарын хэрэгцээ орлогоосоо 400-500 мянган төгрөгөөр дутаж байгаа бөгөөд иргэд энэ зөрүүг нөхөхийн тулд өндөр хүүтэй зээл авч буйг дурдсан байна.
Тэрбээр “Жилийн 50 хувиас давсан хүүтэй аппликэйшний зээл авдаг иргэд нэмэгдсэн. Тиймээс инфляцыг хөөрөгдөхгүйгээр эдийн засгаа тэлэх, зээлийн хүүг бууруулах асуудал чухал” гэжээ.
Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулж, Засгийн газартай бодлогоо уялдуулах замаар богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулсан байна.
Уулзалтын үеэр Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэг банкуудын хохирлыг төлүүлэх асуудлыг мөн хөнджээ. УИХ-ын дарга эдгээр банкуудын барьцаанд ирсэн хөрөнгийг үнэгүйдүүлэх, үр ашиггүй шилжүүлэх зэрэг шүүмжлэл гарч байгааг дурдаад, Нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын хөрөнгийг яаралтай төлүүлэх чиглэлээр шуурхай ажиллах үүрэг өгсөн байна.
Монголбанкны мэдээлснээр банкны системийн нийт актив 84.8 их наяд төгрөг, нийт зээлийн хэмжээ 44.8 их наяд төгрөг, салбарын цэвэр ашиг 306.3 тэрбум төгрөг байгаа аж. Төв банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
-
Улстөр нийгэм2024/11/05
"Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал...
-
Цаг үе2022/10/21
УГТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтний баг баруун бүсийн 5 аймагт ажлын байрны с...
-
Улстөр нийгэм2021/08/16
Баянбүрдийн тойргийн авто замыг шинэчилнэ
-
Шударга мэдээ2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
