Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

О.Мөнхжаргал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бонд хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө

Огноо:

,

Эх сурвалж: Ц.Баасансүрэн /Өдрийн сонин/

“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгийн зах дээр “Эрдэнэс” бонд гаргаж, хоёр их наядын төгрөгийн санхүүжилт татахаар ажиллаж эхлээд буй. Эхний ээлжийн арилжаа гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Бондын хүүний тухайд төгрөгөөр авбал 10 хувь, доллароор бол 6.8 хувийн хүүтэй байх нь. Бүр тодруулж хэлбэл аль аль нь хадгаламжийн хүүгээс өндөр гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Иргэдийн хувьд банкин дахь долларын хадгаламжийн хүү хоёр хувиар тооцогдож байгаа. Тиймээс “Эрдэнэс” бондын арилжаанд оролцвол даруй 4.8 хувиар илүү өгөөж ашиг хүртэнэ гэсэн үг. Бондын хугацааг хоёр жилээр тогтжээ. Өндөр дүнтэй захиалга өгөх боломжтой хоёр хэсэг бий гэж хөрөнгийн захынхан тодотголоо. Эхнийх нь банкууд, хоёр дахь бүлэг нь хадгаламж бүхий иргэд. Банкууд өнөөдрийн тухайд илүүдэл мөнгөө төв банкны үнэт цаасанд зургаан хувийн хүүтэй байршуулж буй. Бондын арилжаанд гадныхан оролцох боломжтой гэнэ. Бондын арилжаанд оролцохыг хүсвэл харилцдаг үнэт цаасны компанидаа хандахад л болох нь. Утсаар, онлайнаар захиалга өгч, бонд худалдаж авч болох юм байна. 1072 хувьцааны дансаа нээлгэсэн хүмүүсийн тухайд шинээр данс нээлгэх шаардлагагүй, нээлгэчихсэн дансандаа мөнгө байршуулж арилжаанд оролцох боломжтой хэмээн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хэлж байна. “Эрдэнэс Таван толгой”-н бонд 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй байна.

“Эрдэнэс Таван толгой”  компанийн бонд тойрсон асуудлаар “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” бол төрийн өмчит компани. Тэр утгаараа энэ удаагийн бонд ямартай ч эрсдэл багатай гэсэн давуу талтай байх нь...?

-Тэгнэ. Ер нь Засгийн газрын үнэт цаасыг  хамгийн найдвартай гэж үздэг л дээ. Улс тэр чигээрээ дефольт зарлахгүй л бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Засгийн газар 2012-2016 онд үнэт цаас гаргаж, тэр нь хөрөнгийн зах зээлийн тулах багана болж байсан.

Энэ удаа төрийн өмчит компани зах зээлээс мөнгө татах гэж байна. Тэр утгаараа эрсдэлгүй гэсэн давуу талыг хамгийн түрүүнд онцлохоос аргагүй. Товчхондоо аль аль талдаа ашигтай. Бонд худалдаж авсан хүмүүст ч, бонд арилжаалж хөрөнгө татаж байгаа компанид ч. Компани банкнаас бага хүүтэйгээр мөнгө босгоно, хүмүүс банкны хадгаламжийн өгөөжөөс өндөр ашиг хүртэнэ. Бидний хувьд хөрөнгө оруулалтын соёлыг л өөрчлөх гэж ажиллаж байгаа.

Бид  хадгаламжинд мөнгөө хийдэг, арилжааны банкаас зээл авдаг энэ тогтолцоогоор сүүлийн 30 жил явлаа. Хөрөнгийн зах зээлийн  үнэлгээ том биш. Эдийн засаг маань  30 их наяд байхад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наядаар хэмжигддэг. Банкны актив ч мөн 30 их наяд шүү дээ. Тэгэхээр монголчууд өнөөхөндөө  арилжааны банкны системээр 100 хувь явж байна гэсэн үг.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг иргэд эзэмшдэг. Хөрөнгө оруулалт татаж, өгөөж ашгаа нэмэх хэрээр 1072 хувьцааны өгөөж ч дагаад өсөх нь ээ?

-Та зөв харж байна. Иргэдийн эзэмшдэг хувьцааны өгөөж дагаад өсөх давуу талтай. Тэгэхээр энэ удаагийн бондын өгөөжийг улсаараа хүртэнэ гэсэн үг. Мэдээж ойрын арав гаруй жил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт өндөр хэмжээгээр өсвөл 1072 хувьцаа эзэмшиж байгаа хүний ногдол ашиг өснө.

Нүүрс үнэ цэнтэй, хэрэгцээтэй байх үед борлуулалт өсөж Монголын төгрөгийн валютын урсгал өснө гэсэн үг л дээ. Экспорт өсөх тутам Монголын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь тодорхой.

-“Эрдэнэс Тавантолгой” хөрөнгийн зах зээлээс босгосон мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бол?

-"Эрдэнэс Тавантолгой” компани цаашдын гурван жилийн төлөвлөгөөгөө танилцуулж байгаа. Угаах үйлдвэр барина, дэд бүтцээ хөгжүүлнэ. Дэд бүтцээ хөгжүүлчихвэл борлуулалт нь дагаад өсөх нь тодорхой. Жилдээ 30 сая тонн нүүрс борлуулна гэж байгаа шүү дээ.  

-Энэ удаагийнх нээлттэй бонд гэсэн тодотголтой байгаа. Нээлттэй бонд хамгийн ашигтай зөв хувилбар мөн үү?

-Хөрөнгийн зах зээлийн хамгийн эрүүл хувилбар. Нээлттэй бондын гол  ялгаа нь хөрөнгийн биржээрээ дамжиж зарагдана. Гэхдээ хөрөнгө оруулагчид мөнгө нь хэрэгтэй болвол бирж дээр бондоо зараад мөнгөө авчихаж болно. Бусдаар бол хамгийн найдвартай тогтвортой хөрөнгө оруулалтын хэрэгсэл. Ер нь бол  цагаа олсон бүтээгдэхүүн.

Хадгаламжийн хүү буурсан байгаа үед төрийн өмчтэй,  Монгол улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг, сүүлийн таван жил бизнес моделоо баталчихсан, нүүрсээ арван доллараар олборлоод 60 доллараар зарж хангалттай мөнгө хийж яваа компани ийм бонд гаргана гэдэг хаана хаанаа ашигтай шийдэл л дээ.

-Хоёр их наяд гэхээр том дүн сонсогдоод байх юм. Энэ хэмжээний мөнгө зах зээлээс цуглах боломжтой юу?

-Хоёр их наяд гэсэн том дүн сонсогдож байж магадгүй. Гэхдээ банкны хадгаламжийн хэмжээ 20-30 их наяд руу дөхөж байгаа. Энэ бол иргэдээс бүрдсэн хадгаламж. Өөрөөр хэлбэл зах зээлд хангалттай бэлэн мөнгө байна гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьд өмнө нь “Чалко”-гоос 500 сая ам.доллар татаж байсан бол өнөөдөр дотоодоосоо хөрөнгө татаж төслийнхөө ашгийг нэмэгдүүлэх гэж байгаа нь бас л том давуу тал шүү...?

Бидний хувьд арай өөр төвшинд хүрсний шинж л дээ. Гаднынхнаас мөнгө хүсч  “Чалко”-гоос 500 сая ам.доллар авч байсан  үе тодорхой хэмжээнд өнгөрөөд байна. Монголчууд өөрсдөө дэд бүтцийнхээ том төслийг санхүүжүүлэх тухай ярьж байна гэдэг яалт ч үгүй том давуу тал.

“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалко”-гоос 500 сая ам.доллар аваад яасныг бүгд мэдэж байгаа. Харин энэ удаа “Монголоосоо мөнгө босгоё, хөрөнгө оруулалт хийгээд өгөөжийг нь та хүрт” гэж байна. Тэгэхээр хоёр жилийн дараа энэ төсөл сайн хэрэгжээд ирвэл иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны өгөөж өсөх нь тов тодорхой асуудал. Засгийн газар, “Эрдэнэс Таван Толгой” хоёр  бондоо гаргая гээд зарлачихлаа. Одоо монголчуудад бондоо худалдаж авах ажил л үлдээд байна.

-Хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй гэхээр банкинд мөнгөө хадгалуулсан иргэд олноороо сонирхох л юм байна...?

-Хадгаламжийн хүү буурчихсан, дунджаар 8.5 болсон гэж тооцвол арван хувийн татвараа хасаад 7.6 хувь руу орчихож байгаа юм. “Эрдэнэс” бондын хувьд арван хувиар гарч байгаа.

Татварын шинэ хуулиар нээлттэй бондын хувьд арван хувь биш таван хувийн татвар авна. Арван хувиас таван хувийг хасахаар 9.5 хувь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бондын бодит өгөөж 9.5 хувь.  Дахиад хэлэхэд эрсдэлгүй гэдэг утгаараа энэ удаагийн бонд давуу талтай.

-“Эрдэнэс Тавантолгой” ирэх жилүүдэд хэр ашигтай ажиллах нь  нүүрсний зах зээлийн өнгө төрхөөс хамаарна. Нүүрсний зах зээл ямар байх бол?

-Нүүрсний зах зээл ямар вэ гэхээс илүү төмрийн зах зээл ямар байх вэ гэдэг нь чухал. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний эрэлт Хятадын гангын үйлдвэрийн хэрэгцээнээс хамаарна гэсэн үг. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн тухайд гангийн хэрэгцээ өсөх нь тодорхой. Тэгэхээр нүүрсний зах зээл дажгүй байх нь ойлгомжтой.

Хятад улс Австралийн коксжсон нүүрсийг авахгүй байгаа. Уг нь энэ бүхнээс  хамгийн түрүүнд өгөөж хүртэх улс нь манайх байсан юм. Гэхдээ бодитой хэмжээгээр хүртэж чадахгүй байна л даа.  Гол шалтгаан нь дэд бүтэц. Гэтэл ОХУ өнөөдөр өндөр өгөөж хүртээд эхэлчихлээ. “Эрдэнэс Таван толгой” хөрөнгө оруулалт татаж дэд бүтэцдээ анхаарья гээд байгаа нь цаанаа ийм шалтгаантай. Монголын  нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Хятад гээд харахаар ирэх жилүүдэд нүүрсээ дажгүй үнээр их хэмжээгээр борлуулах боломж бүрэн бий.

-Бондын зах зээл зээлийн хүүг буулгах том хөшүүрэг болдог гэж ярьдаг. Манай хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н араас компаниуд бонд гаргаад эхэлбэл хүү буурах бодит нөхцөл үүсэх нь ээ?

-Компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-н араас дотоодын зах зээл дээр бонд гаргаад эхэлбэл хоёр л юм болно. Компаниуд банкнаас 15 хувиар зээл авч байсан бол 10 хувиар бонд гаргаад санхүүжилт татчихна. Нөгөө талаас иргэд банкны хадгаламжаасаа илүү хүүтэй бонд худалдаж авах  ашигтай. Бондын зах зээл томрох тусам хөрөнгө оруулалтын сангууд илүү их худалдан авалт хийж эхэлдэг. Одоохондоо бол нээлттэй бондууд цөөхөн л дөө.

Хөрөнгийн зах зээлд компанийн нээлттэй бонд бараг байхгүй. 2017 онд “Сүү” бонд гэж гаргахад зургаан тэрбум л байсан. Нэг жилийн бонд байсан учраас дуусчихсан, одоо хөрөнгийн зах зээл дээр байхгүй гэсэн үг. Засгийн газрын ихэнх үнэт цаас энэ жил дуусч байгаа. Тэгэхээр бондууд байхгүй гэчихэж болно. Бондын зах зээлийг харвал Япон, Солонгост бонд гаргаж хүүгээ бууруулсан тодорхой хэмжээний түүх байдаг.

Манай улсын хувьд арилжааны банкны системээсээ хэсэг хэсгээр өөрчлөгдөж эхлэх гээд байна гэсэн үг л дээ. Томоохон компаниуд Монголын хөрөнгийн зах зээл жижигхэн байна гээд бонд гаргадаггүй. “Эрдэнэс Таван толгой”  зориод бонд гаргачихсан байгаа тохиолдолд араас нь бонд гарах өчнөөн боломж нээгдэнэ. Тэгж байж хөрөнгийн зах зээл хөгжинө.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  /2026.11.12/ ажиллав.

 Тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

            “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний есөн сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө энэ оны эхний есөн сард 50 хувь давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.  

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Манай хамт олон Засгийн газрын бодлогыг бүрэн биелүүлж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн "BDO" аудитын тайлан эцэслэгдэж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсан. Одоо хөрөнгийн үнэлгээ, андеррайтерийн сонгон шалгаруулалт хийгдэж байна. 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, төр, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг өсгөнө” гэв. 

Ерөнхий сайд  уурхайчидтай уулзах үеэрээ улсын төсөв болон Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмад настнууд, цалин нь 50 хувиар нэмэгдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Иргэддээ дарамт үүсгэх биш, төсөвтөө ачаалал авч хүнд цагийг давахад уурхайчид хамгийн том хувь нэмэр орууллаа гэдгийг онцлов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авлаа.  Цаашид Хөрөнгийн үнэлгээний аудит хийгдэнэ. Одоо өсөлтөө өгөөж болгох үнэ цэнтэй, онцгой даалгавар биелүүлэх сорилтын өмнө байна. Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжийг нээнэ. Иргэд 1072 хувьцаагаа хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэр бол түүхий эдээ боловсруулж, үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмын эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. 

Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг урьж ажиллуулна. Шилдэг мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжье. Уул уурхайн салбарт ажиллах нь монгол залуусын бахархал байх учиртай гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) хамтран хэрэгжүүлсэн “Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг өнөөдөр дүгнэлээ. Төслийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгох, цахим систем нэвтрүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байна. 

2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд эхэлсэн, гурван сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, удирдах албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, сургалтын материал боловсруулах, нэгдсэн цахим систем нэвтрүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хэрэгжсэн бөгөөд энэхугацаанд хийсэн ажлаа талууд дүгнэлээ. 

Төслийн хүрээнд 30 удирдах, 45 гүйцэтгэх албан хаагчийг БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулж, Монгол Улсад зургаан удаагийн танхимын болон цахим сургалт зохион байгуулан 700 гаруй төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлжээ. Мөн Удирдлагын академийн 19 багш БНСУ-ын зөвлөх профессор, мэргэжилтнүүдтэй хамтран төрийн албан хаагчдад зориулсан 12 гарын авлага боловсруулсан байна.

Түүнчлэн БНСУ-ын NexIN болон Монгол Улсын NSP компанитай хамтран төрийн байгууллага, албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөлт, тайлагналт, үнэлгээний үйл явцыг цахимжуулсан нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлжээ. 2026 оны аравдугаар сарын байдлаар уг системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгдсэн байна.

Цаашид цахим системийн хэрэглээг төрийн байгууллагуудад жигдрүүлэх, сургагч багш болон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, БНСУ-ын Хүний нөөцийн яамтай хамтран сургалт, хөгжлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн үр дүн нь төрийн албаны хүний нөөцийн бодлого, гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгож, төрийн байгууллагын бүтээмж, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

Огноо:

,

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Судалгааны дүнг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа.

2024 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.

Хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд судалгааг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, тус төслийг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд зарчмын хувьд хүрчээ.

Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, бидний зорилго бол эрчим хүч үйлдвэрлэх, усны нөөцийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг харилцан зөрчилдүүлэхгүйгээр уялдуулах явдал юм гэдгийг тэмдэглэлээ.

Мөн хамтарсан судалгааны үр дүнг ОХУ-ын талтай эцэслэн хэлэлцэж, тохиролцсон баримт бичгийг албажуулах, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, цаашид төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, шийдвэрийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах ажээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ19 цаг 46 минут

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хури...

Улстөр нийгэм19 цаг 49 минут

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дү...

Улстөр нийгэм19 цаг 52 минут

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын...

Улстөр нийгэм19 цаг 56 минут

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөг...

Улстөр нийгэм20 цаг 4 минут

Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гарын үсэг цуглуулж байна

Улстөр нийгэм21 цаг 16 минут

Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсэ...

Улстөр нийгэм2026/11/12

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

Шударга мэдээ2026/11/12

Ерөнхий сайд Өмнөговь аймагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүрэг...

Цаг үе2026/11/12

БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна

Цаг үе2026/11/12

Монголын гурван стартап Сөүлд болох олон улсын арга хэмжээнд оролцон...

Санал болгох