Улстөр нийгэм
Түр хорооны хуралдаанаар цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонслоо
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албан тушаалтнууд оролцов. "Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдал"-ын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийсэн.
Манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 32497 иргэн халдвар авч, үүнээс 54 хувь нь эдгэрээд байгаа бөгөөд клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 4427 иргэн байгаагаас, нийслэлд 3296, орон нутагт 1131 иргэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас суурь өвчин хавсарсан байдлаар нас барсан хүний тоо 8, халдварын улмаас нас барсан иргэний тоо 88, нийт 96-д хүрээд байна. Одоо 11 эмнэлэгт 80 иргэний биеийн байдал нэн хүнд эрчимт эмчилгээнд байна. Мөн европын орнуудаас ирсэн зургаан иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг баталгаажуулах шинжилгээний ажлууд гадаад, дотоодын лабораториудад хийж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 20 дугаар тогтоолоор Хүн амыг дархлаажуулалтад бэлтгэх, гадаад орноос вакцин авахад бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар арилжааны шугамаар Синофарм вакцин 2,8 сая тун 2021 оны дөрөвдүгээр сард, Спутник 1 сая тунг тавдугаар сарын эхээр, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцин 48 мянган тунг дөрөвдүгээр сард, АстраЗенека, Пфайзер 1 сая 172 мянган тун бүгд 5 сая тунг 2021 оныг дуустал тус тус татан авах ажил төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байна.

Засгийн газраас БНЭУ, БНХАУ, БНСУ, Белги, ОХУ-аас дөрвөн төрлийн 1,750,640 тун вакциныг татан авсан бөгөөд насанд хүрсэн нийт 2,067,292 хүн хамруулахаас I тунд 34,2, II тунд 11,6 хувийг хамруулаад байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд нийслэлд 557,386, орон нутагт 150,452 иргэн, II тунд нийслэлд 232,601 иргэн, орон нутагт 7370 иргэн тус тус хамрагдаж, улсын хэмжээнд вакцинжуулалтын I тунд нийт 707,838 иргэн, II тунд 239,971 иргэн хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 250 баг, 120 цэг ажиллаж, өдөрт дунджаар 60 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тавдугаар сарын 08-нд нийслэлийн хүн амыг вакцины I тунд, зургадугаар сарын 04-нөөс өмнө II тунд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэлдээ онцоллоо.

Мөн тэрбээр, сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 28 эмнэлгийн эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 660 ор, аймаг орон нутгийн 24 эмнэлгийн эрчимт эмчилгээний 168, энгийн 3151 ор сул байна. Коронавирусын халдвар авч биеийн байдал нь нэн хүндэрсэн иргэдийг эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах нарийн мэргэжлийн эмчилгээний 22 багийг ажиллуулж байна. Болзошгүй үед ашиглах зорилготой шаардлагатай эмчилгээний байрыг бэлтгэж, дэлгэхээр 3 ээлжээр нийт 80 эмч, 180 эмнэлгийн мэргэжилтэн, 45 сувилагч, тусгай мэргэжлийн болон бусад алба хаагч ажиллах тооцоо гарган ажиллаж байна. Түүнчлэн АШУИС-ийн Монгол Японы эмнэлгийн оюутны байранд 450 ор дэлгэн, халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх нэгжийг хуваарилан, хөнгөн хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийг шилжүүлэх, эхний ээлжинд резидент эмч нарыг байрлан ажиллуулахаар бэлтгэж байна. Мөн ШУТИС-ийн оюутны I байр, АШУИС-ийн оюутны II, III байр, Архангай аймгийн оюутны байр нийт 337 өрөөний 1830 орыг төлөвлөж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, ажилчид, хамгаалалтад ажиллах албан хаагч нийт 844 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Цаашид хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зориулалттай нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт хувийн хэвшлийн 52 эмнэлгийн 949, 23 сувилалын 1083, нийт 2229 орыг нэмэлтээр, нийслэлийн зургаан дүүргийн 152 амралтын газрын 7940, 16 жуулчны баазын 1320 нийт 9260 орыг дайчлан гаргахаар ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд эдгээр байрыг нэмэлтээр ашиглах болно гэж байлаа.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5 тэрбум төгрөгийн эмийн, 16 нэр төрлийн 38,3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалал хэрэгслийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат, үүнээс зөөврийн 137-г ашиглаж байгааг УОК-ын дарга мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг шуурхай барих ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авч байна. 10 хоногийн хугацаанд барьсан энэ барилга ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлага хангагдаад зогсохгүй, бусад эмнэлгүүдэд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж байлаа. Мөн Эрүүл мэндийн яамаас дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 18 эрүүл мэндийн байгууллагад 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлөгч аппарат хуваарилан олгож, хүчилтөрөгчийн нөөцийн хангалт өнөөдрийн байдлаар 86,4 хувьтай байна. Есөн дүүрэгт хүчилтөрөгчийн шугам сүлжээг бий болгож, 21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулгадаа дурдсан.
Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц, хангалт, нийлүүлэлтийн талаар товч мэдээлэл хийв.
Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Д.Өнөрболор, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Х.Бапелхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс коронавирусын халдварын мутацийн олон хэлбэр дэгдэж байгаа энэ үед вирусыг дотооддоо судлах, лаборатори байгуулах, дархлаажуулалтын тандалд судалгаа хийж байгаа эсэх, цаашлаад хүүхдүүдийг вакцинд хамруулахад баримталж байгаа бодлого, арга хэмжээг илүүтэй тодруулж байлаа.

Бид вакцинжуулалт хамрагдсан хүмүүсийн судалгааг түүврийн аргаар хийж байгаа. Судалгааны хэд хэдэн багууд гарсан. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр эрдэмтэн судлаачдын 14 судалгааны ажил хэлэлцэгдэж, одоогоор долоон ажил нь амжилттай хэрэгжээд явж байна. Үүнд мутацийн хэлбэрүүдийг судлах, дархлаа тогтоцын талаар судалгаа хийж байна. Үр дүн эхнээсээ гарч байгаа, удахгүй танилцуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод вакцины I тун хийлгэснээс хойш 6052 хүн, II тун хийлгэсэн хүмүүсээс 80 нь халдвар авсан гэсэн бүртгэл судалгаа байна гэв.
Харин Шадар сайд С.Амарсайхан хариултдаа, хэрэв вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл, заавар зөвөлгөө гарвал бид хүүхэд, залуучуудаа вакцинд хамруулах судалгаа, бэлтгэл ажлыг орхигдуулалүй хийж байгаа. АНУ-ын пфайзер вакциныг 12 наснаас дээш хүүхдэд хийх зөвшөөрлийг авахаар хүсэлтээ тавьсан байгаа юм билээ. Мөн бусад орнуудад вакциныг хүүхдэд хийх судалгаануудаа үргэлжлүүлж байгаа ч хараахан эцэслэгдээгүй байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, вакцины нийлүүлэлт, хүрэлцээний тухайд төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй. Энэ талын шаардлагатай бүх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгснийг тодотгохын зэрэгцээ харамсалтай нь аж ахуйн нэгж, Засгийн газраас шалтгаалахгүйгээр дэлхий даяар вакцины олдоц, нийлүүлэлт хүнд байна. Гэсэн хэдий ч манай улс вакцинжуулалтын ажлаар дэлхийн 200 гаруй улсаас долоод явж байгааг хариултдаа онцлов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Улстөр нийгэм
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү дурсгалт бүтээл нь хоёр суут хүний нэр алдар, эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмний эрдэм мэдлэг, оюун санаа, харилцан хүндэтгэлээр холбогдсон нэгэн зууны түүхэн хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцоллоо.
Одоогоос нэгэн зууны тэртээ эрдэм боловсрол эзэмшихээр Герман орныг зорьсон монгол залуусын нэг нь Монголын орчин үеийн утга зохиолын суурийг тавьсан их зохиолч Дашдоржийн Нацагдорж байв.
Д.Нацагдоржийн Герман Улсад, тэр дундаа Лайпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе байсан.
Чухам энэ цаг үед Лайпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд анхдагч болон тод мөрөө үлдээжээ.
Монголын залуу сэхээтэн Д.Нацагдорж, Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын эрдмийн их өргөөнд тогтоосон багш, шавийн барилдлага нь хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг юм.
Одоогоос зуун жилийн тэртээ монгол залуус Герман орныг зорьж, эрдэм мэдлэг өвөрлөн эх орондоо буцаж байсан бол эдүгээ ч энэхүү түүхэн уламжлал үргэлжлэн бэхжиж, монгол оюутан залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж, хоёр орны эрдэмтэн судлаачид хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Энэ түүхэнд Лайпцигийн их сургууль онцгой байр суурь эзэлдэг бөгөөд XIX зууны сүүл үеэс тус сургуульд Монголын соёлын талаарх хичээл, судалгаа хөгжиж, улмаар монгол судлалын сонгодог төв байсаар ирсэн түүхтэй.
Өнөөдөр монгол хэл, Монгол болон Төв Азийн судлалын уламжлал Лайпцигийн их сургуульд үргэлжилж байгааг дурдаж, энэхүү дурсгал нь өнгөрсөн түүхээ хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ ирээдүйн хамтын ажиллагааг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай хэмээн тодотголоо.
Энэхүү санаачилгыг дэмжсэн Лайпцигийн их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон дурсгалын самбарыг бүтээсэн уран бүтээлчид, бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Германы холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэ жил тохиож буй их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулсан юм.
Лайпцигийн их сургууль нь ХБНГУ-ын Саксони муж улсын Лайпциг хотод 1409 онд байгуулагдсан. Герман болон Европын хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд 35 мянга гаруй монголчууд герман хэл, боловсрол эзэмшсэн байдаг.
Лайпцигийн их сургууль нь Монгол судлалын урт хугацааны уламжлалтай. XIX зууны сүүлчээр тус сургуульд Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд XX зуунд Монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн билээ.
Тус сургуульд ажиллаж байсан монгол, хятад судлаач профессор Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг юм.
Монголын анхны 35 сурагч, оюутан 1926 онд Лайпциг болон Германы бусад их, дээд сургуульд суралцахаар ирсэн бөгөөд БНАГУ-ын үед олон монгол оюутан Лайпцигийн Хердерийн институтэд герман хэлний бэлтгэлд хамрагдаж, улмаар мэргэжлийн сургалтаа үргэлжлүүлж байсан түүхтэй.
Өдгөө Лайпцигийн их сургууль Монгол Улсын их сургуультай их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний харилцаагаа үргэлжлүүлж байна.
Улстөр нийгэм
Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дотоодын нүүрсний нөөцийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 17 дугаар хуралдаанаар “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран байгуулах тухай НИТХ-д өргөн барих тогтоолын төслийг хэлэлцлээ.
Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Мөн нүүрс боловсруулах явцад ялгарах пиролизын хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний нэгдсэн системд 26 МВт цахилгаан нийлүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксон түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50–60 хувиар буурч, түлшний өртөг 50–70 хувиар багасах боломжтой гэж үзжээ. Эдийн засгийн үр өгөөжийн хүрээнд 440 ажлын байр бий болно.
2026 оны наймдугаар сарын 21-нд төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулагдсан. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг арваннэгдүгээр сард багтаан дуусгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо.
-
Цаг үе2020/07/06
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Цаг үе2022/02/09
“Туркиш Эйрлайнс” Европ-Зүүн өмнөд Ази чиглэлийн багц аялалд Улаанба...
-
Улстөр нийгэм2024/01/10
Зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллана
-
Улстөр нийгэм2025/01/14
УИХ: Өнөөдөр болох томилгооны сонсголууд
