Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр нойтон цас орж, ихэнх нутгаар салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөдийгөөр 4-9 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 13-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11,13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Цаг үе
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд бүртгэх тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоосонтой холбоотойгоор улсын дугаарыг сонголтоор олгодог байсныг болиулж, шинээр олгохыг зогсоосон. Тухайлбал, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар огт олгохгүй байгаа. Энэ арга хэмжээг нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлэхэд иргэдийн тээврийн хэрэгслийн чанар сайжрах зэрэг эерэг нөлөөг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд иргэд автомашиныг гар утас шиг ашиглаж байсан. Харин одоо ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ хасуулдаг болсон. Бид нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Шалгуураар улсын дугаар олгож байгаа энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөртэй уялдаж хэрэгжиж байгаа юм. 2025-2026 онд бүртгүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Өнгөрөгч онд 79 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. 2024 онд улсын хэмжээнд 170 мянган импортын бүртгэлийг хийжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тээврийн хэрэгслийн тоо өсөөгүй бөгөөд олгосон байгаа дугаарын хүрээнд тээврийн хэрэгслийн чанарыг сайжруулж байна. Улаанбаатар хотод авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээтэй холбоотойгоор том аймгуудад автотээврийн захтай болсон мэдээллүүд ирж байгаа. Орон нутгийн иргэд үүнийг мөн сайшааж байгаа юм” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.
Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.
Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодотголоо.
“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
Цаг үе
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхрын төрөх тасагт иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийлээ. Тус засвар, шинэчлэлтийн ажил нь нийт 1024.6 м.кв талбайг хамарч, хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилж, цонх, хаалгануудыг шинээр суурилууллаа.
НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Сэцфлорис” ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.




НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
-
Улстөр нийгэм2020/10/30
УИХ-ын дэд хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2022/12/16
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна
-
Улстөр нийгэм2020/11/25
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
-
Улстөр нийгэм2020/04/08
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно













