Цаг үе
Нийслэл, дүүргийн Цэргийн штабын алба хаагчид төрийн одон медаль хүртлээ
Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НЗДТГ-ын болон дүүргийн Цэргийн штабын алба хаагчдын батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа.
Тэрбээр “Өнөөгийн Монгол Улсын хил хязгаар, ард иргэдийн амгалан тайван байх бүхий л нөхцөл батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүнтэй салшгүй холбоотой. Төрийн одон медалиар шагнуулсан нийт алба хаагч болон тэдний гэр бүлд эрүүл энхийг хүсэж, эх орныхоо төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэлээ.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр,
НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга
НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай
Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, дэд хурандаа Д.Эрдэнэбаяр нар шагнуулсан.
Цэргийн гавьяаны одонгоор:
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох
Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Батмөнх
Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал нар шагнууллаа.
Мөн НЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээлэл аюулгүй байдлын офицер, хошууч Б.Чимэд Алтангадас одонгоор шагнуулсан бол дүүргийн Цэргийн штабын дарга нарыг Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль гардлаа.
Цаг үе
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс заслын аргаар элэг шилжүүлэн суулгаад байна. Мөн 11 хүнд зүрхний титэм судсан дотуурх хэт авиан оношилгоо, эмчилгээ, найман хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ.
Эдгээрээс гадна элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, уушгины хавдрыг дурангийн аргаар тайрч, залгах 1,000 гаруй мэс засал хийгээд байна.
Төв ашиглалтад орсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх, бусад эмнэлгийн ачааллыг хуваалцахад томоохон дэмжлэг болсныг эмнэлэг, төвийн эмч нар ярилаа.
Манай иргэд гадаадын улс орнуудад, тухайлбал Япон, Солонгост 400-500 сая, Энэтхэг, Турк Улсад 150-350 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгуулдаг.
Шинэ төвийг богино хугацаанд ашиглалтад оруулж, гадаадад эмчлүүлэх гэж их хэмжээний мөнгө заралгүй, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах боломж улам бүрдсээр байгаад эмч нар болон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн иргэд, тэдний донорууд Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзахдаа, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаад нь талархаж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс засал нэвтрүүлэх санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай, гэдэс шилжүүлэн суулгаж эхэлнэ. Улмаар робот мэс засал нэвтрүүлж, амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.
Манай улсад элэгний хавдрын өвчлөл жил бүр нэмэгдэж, хавдраар жилд 1,745 хүн, элэгний хатуурлаар 643 хүн нас барж байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас 7-8 дахин өндөр байна. Улсын хэмжээнд элэгний донор хүлээж байгаа 325 хүн байдгийн 25 нь Улсын хоёрдугаар эмнэлэгт байгаа юм.
Цаг үе
Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна
Цаг үе
Төрийн албаны ерөнхий шалгалтын 2026 оны тов гарлаа
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 551 дүгээр тогтоолоор төрийн албаны ерөнхий шалгалтын 2026 оны бүртгэл, зохион байгуулалтын товыг доорх байдлаар тогтоосон. Шалгалтын товийг нийтэд мэдээлж, шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд зөвлөж байна.












