Урлаг спорт
Монголын радиогийн нэвтрүүлэгчид олон улсын жишиг студиэс тив дэлхийтэй мэндчилнэ
Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Тодруулбал, Монголын радиогийн 85, “Алтан сан хөмрөг”-ийн 65 жилийн ойн өдөр есдүгээр сарын 1-нд буюу энэ ням гарагт тохионо.
1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. Ийн Монголын өглөө Монголын радиогоос эхлээд 85 жилийг ардаа үджээ.
Тэгвэл өнөөдөр МҮОНР сүүлийн үеийн, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж бүхий, шинэлэг дизайнаар тохижуулсан студийнхээ нээлтийг хийлээ. Маргаашаас эхлэн олон нийтийн радиогийн нэвтрүүлэгчид уг студиэс “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос ярьж байна” хэмээн Монгол орны өнцөг булан, хязгаарт бүрт хүрч тэнд буй сонсогч, үзэгчидтэй болон тив дэлхийтэй мэндчилэх юм
МҮОНР-ийн шинэ студийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Монголын радио дүрстэй радио болж дэлхий дахинаа дуу хоолойгоо цуурайтуулах цаг ирсэн. МҮОНР-ийн эфирийн нэгдүгээр студийг Наро Банчэн хутагт сангийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн стандартын дагуу засаж, тохижуулж, хамт олондоо хүлээлгэж өглөө. Мөн студийн нээлт, баярын арга хэмжээнд Монголын радиод залуу нас, эрдэм боловсролоо зориулсан ахмадууд оролцож байна. Бид энэ өдөр ахмадууддаа Монголын радиод хийгдэж буй бүтээн байгуулалт болон нэвтрүүлэг контентоо тайлагнана. Өмнө нь энэ студиэс олон сайхан нэвтрүүлэг сонсогч түмэнд хүрч байсан бол одоо дүрстэй сонсогч, уншигч, үзэгчдэд хүрнэ” гэлээ.

Мөн МҮОНР-ийн Нэвтрүүлгийн албаны дарга Б.Баярсайхан “Монголын радиогийн 85 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ 85 жилийн түүхийн үйл явдал бүрт Монголын радио ямар нэг хэмжээгээр оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч байж ирсэн. Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж, 1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан. Монголын радио ийм арвин түүхтэй.
Шинэ мянган гараад радиогийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөн. Нөгөө талаасаа радиог зөвхөн шугамын хүлээн авагчаар сонсдог үе ард үлдсэн. Радиог сонсохоос гадна үздэг, уншдаг хөгжил рүү шилжиж байна. МҮОНР эфирийн нэгдүгээр студиэ иж бүрэн тоноглож тохижууллаа. Энэ студи интернетээр дүрстэй дамжуулалт хийх олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан гэдгээрээ онцлог. Эфирийн нэгдүгээр студийг шинэчлэх санхүүжилтийг Наро Банчэн хутагт сан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манайд олгосон” гэсэн юм.

Дараагаар нь Монголын радиогийн ахмад сэтгүүлч Э.Баатарчулуун “Би Монголын радиогийн ахмадуудын нэг ээ. Би радиодоо 35 жил ажиллаж, тэтгэвэрт гарсан. Монголын радио олон улсын жишигт нийцсэн студитэй болсонд маш их баяртай байна. Биднийг ажиллаж байхад ийм студи ховор байлаа. Одоо студиэсээ шууд дүрстэй нэвтрүүлэг хийх сайхан боломж гарч ирсэн байна. Шинэ студийн тоног төхөөрөмж, шинэчлэлтэй танилцлаа. Монголын радиогийн 85 жилийн ойн арга хэмжээ маш сайхан болж байна. МҮОНР техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, олон улсын студитэй болж, радиод олон шинэ, сайхан студи нээгдэж байгаад маш их баярлаж байна” гэлээ.






Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
